Үйл явдал
“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард нийт 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас үндсэн үйл ажиллагааны хүрээнд сар бүр хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээний статистик мэдээллийг танилцуулж байна.
Энэ хүрээнд 2026 оны тавдугаар сард Монгол улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “ХУРДАН” цэг болон “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан нийт 204,607 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ.
Тодруулбал “ХУРДАН” цэгээр дамжуулан нийт 42,907 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.
Үүнээс
- Нийслэл Улаанбаатар хотод 7,753
- Орон нутаг 34,592
- Хилийн чанад 364 үйлчилгээг, хүн хуулийн этгээдэд үзүүлжээ.
“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард нийт 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ.
Үүнээс
- Нийслэл Улаанбаатар хотод 111,178
- Орон нутагт 50,720 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.
Мөн өнгөрсөн тавдугаар сард нийслэл Улаанбаатар хотод Да Хүрээ авто худалдааны төвд байрлах “ХУРДАН” киоск төхөөрөмжөөс 6,303 үйлчилгээ үзүүлсэн үзүүлэлтээр тэргүүлжээ.
Харин орон нутагт Дархан-Уул аймгийн авто тээврийн үндэсний төвд байрлах “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулж 4,806 үйлчилгээг хүн хуулийн этгээдэд хүргэн ажилласан үзүүлэлтээр тэргүүлсэн байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийн байдлаар “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр 2,083,420 үйлчилгээ, “ХУРДАН” цэгээр дамжуулан 2,031,740 үйлчилгээг тус тус хүргэн ажилласан байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийслэл болон 21 аймаг дахь салбар хэлтсээрээ дамжуулан дэвшилтэт технологи, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээний дижитал шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүрэг, 204 хороо болон гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт байрлах 596 “ХУРДАН” цэгээр дамжуулан төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд тасралтгүй, шуурхай, хүндрэл бэрхшээлгүй хүргэж байна.
Эдгээр “ХУРДАН” цэгүүдээр дамжуулан төрийн 43 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг операторын горимоор үзүүлж, иргэдийн өдөр тутамд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт болон бусад төрийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлж байна
Үйл явдал
Ховд аймагт 318 мал устгалд оруулжээ
Ховд аймгийн Булган, Үенч сумын нутаг болон Баян-өлгий аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэл өгсөн байна. Өчигдрийн /2026.06.07/ байдлаар өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо 411 хүрчээ. Тодруулбал, дээрх хоёр суманд нийт найман голомтын 39 өрхийн 411 мал байгаа аж. Үүнээс Булган суманд 154, Үенч суманд 257 болсон байна.
Үүнээс 318 малыг устгалд оруулжээ. Тухайлбал , Булган суманд 61, Үенч суманд 257 малыг устгалд оруулаад байгаа аж. Одоогийн байдлаар Үенч суманд нэмж өвчлөл гараагүй байгаа юм байна.

"САТ-1" хэвшлийн гэж оношлогдсон шүлхий өвчин нь одоогоор эмчлэх боломжгүй урьдчилан сэргийлэх вакцин байхгүй байгаа гэнэ.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын гишүүд сумдад ажиллаж Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сумдын эрсдэлтэй нутагт хамгаалалтын бүс тогтоогоод байна
Одоогоор Мөст сумын нутаг Бодончийн хавцал, Их Улаан даваа, Мараатын хөтөл, Мөнххайрхан сумын нутаг Хужиртын шураг модны хөтөл, Сайхны хөтөлд хамгаалалтын бүс гаргажээ.
Зэргэлдээх Баян-өлгий аймагт халдварын тархалт өндөр байгаа учраас тус аймгийн сумуудтай болон голомтын бүс нутагтай хил залгаа сумдын малчид иргэд та бүхэн хорио цээрийн дэглэмийг баримтлах, мэргэжлийн байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг уриалж байна
Үйл явдал
Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг
Хоногийн хугацаанд буюу өчигдөр /2026.06.07/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэргийг илрүүллээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Үйл явдал
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар аврах 105 дугаар ангид ажиллалаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бэлэн байдлыг хангахаар зургаадугаар сарын 10-аас есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл ажиллуулж, “Усыг бүү бас” нөлөөллийн аян, мөн үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 5-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр (2026.06.06) ОБЕГ-ын Аврах 105 дугаар ангид ажиллаж, үерийн хамгаалалтын барилга байгууламж, аврах ангийн техник хэрэгсэл болоод боловсон хүчний бэлэн байдалтай танилцлаа.
Нийслэлд 2026 оны 6 дугаар сарын эцсээс 8 дугаар сарыг дуустал олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох учраас үер усны аюул нэмэгдэх төлөвтэйг УЦУОШГ-аас мэдээллээд байна.
Үер усны аюулын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үеэр тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаж, НОБГ-ын гамшгаас хамгаалах 17 алба 60 орчим техник хэрэгсэл, 200 гаруй хүн хүчтэй, өндрөөс аврах ажиллагааны, завьт эргүүлийн, хот дотор аврах ажиллагааны, эмнэлгийн автомашин, мөн тусгай зориулалтын мэргэжлийн 12 анги, 100 гаруй техник болон 500 орчим хүн ажиллаж байгаа юм.
