Үйл явдал
“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн дөрвөн байршилд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний шилжүүлэлт болон барилга угсралтын ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа юм.
Үүнээс нэгдүгээр байршил болох “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц”-ын барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг байршил дахь явган болон дугуйн замын ажил дууссан. Найрамдлын авто зам, төмөр зам дээгүүр барих 90 метр урт явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувийн гүйцэтгэлтэй, металл гүүрийн үндсэн хийцийг үйлдвэрлэж байна.
Хоёрдугаар байршил Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын ажлын хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 км авто зам, явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбарыг холбогдох хууль, журмын дагуу чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна.
Гуравдугаар байршил “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Зураг төслийг магадлалаар батлуулж, төмөр замын доогуур нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцийг түлхэх технологиор (Box Jacking) байршуулсан. Авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус нүхэн гарц нь Нарны замыг Дунд гол буюу Тээвэрчдийн гудамжны авто замтай холбох бөгөөд 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байгууламж байх юм.
Уг бүтээн байгуулалт хэрэгжсэнээр гол болон туслах замын сүлжээний уялдаа холбоо сайжирч, хоногт 31 мянган авто машин нэвтэрнэ. Авто замын огтлолцлын зөрчил буурч, хөдөлгөөний урсгал тасралтгүй болох нөхцөл бүрдэж, шинээр авто замын сүлжээг бий болгох юм. Үүний үр дүнд замын саатал багасаж, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна гэж төлөвлөж байна.
Үйл явдал
Сүхбаатар боомтоор тав хоногт 10 мянга гаруй тонн АИ-92 автобензин импортолжээ
Энэ оны наймдугаар сарын 5-нд Сүхбаатар боомтоор 43 вагон буюу 2,580 тонн АИ-92 автобензин орж иржээ. Шатахууныг Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөнүүдэд хүргэж, өнөөдөр агуулахуудад буулгаж байна.
Мөн наймдугаар сарын 6-ны 02:30 цагт долоон вагон буюу 420 тонн АИ-92 автобензин улсын хилээр орж ирж, буулгах өртөөнүүд рүү илгээжээ. Наймдугаар сарын 1-5-ны хооронд Сүхбаатар боомтоор нийт 10,017 тонн АИ-92 автобензин импортолсон байна.
Үүнээс гадна Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс ачсан 33 вагон буюу 1,980 тонн АИ-92 автобензин өнөөдөр Монгол Улсын хилээр орж ирэхээр болжээ.
Төмөр зам, гааль, холбогдох байгууллага болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран шатахууныг агуулах, түгээх станцуудад хоногийн турш тасралтгүй хүргэж, хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна.
Үйл явдал
Эм, вакцины нэгдсэн худалдан авалтаар 3.15 тэрбум төгрөг хэмнэжээ
“Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах” журмыг Засгийн газраас баталлаа. Уг журмын хүрээнд олон улсын байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн гадаадын үйлдвэрлэгчээс зайлшгүй шаардлагатай стратегийн 16 төрлийн эм, гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX факторын дөрвөн нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авчээ.
Ингэснээр улсын төсвөөс 3.15 тэрбум төгрөг хэмнэж, 10+1 хувийн нөхцөлтэй худалдан авалт хийсэн байна. Нэгдсэн худалдан авалтын тогтолцоог БНСУ, Япон, Сингапур, Шинэ Зеланд зэрэг улс улсын хэмжээнд хэрэгжүүлдэг аж.
Нэг эх үүсвэрээс худалдан авах тогтолцоо нь бөөний үнийн хөнгөлөлт эдлэх, улсын төсвийн зардлыг бууруулах, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай үйлдвэрээс эмийг боломжийн үнээр авах, зах зээлд ховорддог эмийн хангамжийг тасалдуулахгүй байх давуу талтай.
Мөн чанаргүй болон хуурамч эмийн эрсдэлийг бууруулж, эмийн үнийн өсөлтийг сааруулснаар иргэдийн санхүүгийн дарамтыг багасгах боломж бүрдэнэ гэж үзжээ.
Үйл явдал
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
-
Тод зураг2019/10/29
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2020/12/03
Аймгуудын Засаг дарга нартай цахим хурал хийлээ
-
Дэлхий нийтээр..2023/12/08
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон суу...
-
Дэлхий нийтээр..2025/08/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдл...
