Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 05-наас
2026 оны наймдугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 05-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 34-39 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна
Үйл явдал
Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна.
Үүнд:
- Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
- Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.
Үйл явдал
Багануур дүүрэгт гал түймрийг алсаас илрүүлэх өндрийн камер ашиглалтад орлоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хэмжээнд 13 байршилд тусгай зориулалтын өндрийн камер суурилуулахаар төлөвлөсний дагуу Багануур дүүрэгт анхны камерыг суурилуулж, ашиглалтад орууллаа.
Тус камер нь хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологиор галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлэх боломжтой. Ингэснээр ой, хээрийн болон объектын гал түймрийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай дамжуулж, гал түймрийг эрт илрүүлэх, хохирлыг бууруулах нөхцөл бүрдэх юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлснээр цаашид төлөвлөгөөний дагуу бусад байршилд өндрийн камерыг үе шаттайгаар суурилуулна.
Үйл явдал
Шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож байна
Өчигдөр шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

-
Үйл явдал2023/11/07
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
-
Чөлөөт бүс2020/05/06
ГОЁ МЭДЭЭ: Австралийн нэгэн тосгон МОНГОЛ ЗУРААЧИЙН НЭРЭЭР АЛДАРШИЖ байна
-
Үйл явдал2024/03/21
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад айлч...
-
Дэлхий нийтээр..2022/09/22
Солонгосын Ганвон мужид Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл...
