Хэн юу хэлэв...
Газрын тосны агуулахууд эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ
Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн.
Ерөнхий сайд Н.Учрал эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл болгон “Сан Петролиум” ХХК, “Шунхлай” ХХК-ийн газрын тосны агуулахын барилга угсралтын ажлын явцтай өнөөдөр танилцав.

“Сан Петролиум” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 16,000м³ үүнээс 8000м3-ийн багтаамжтай савыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Үлдсэн 8000м3 агуулахын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10.0 тэрбум төгрөг бөгөөд жилийн есөн хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10.0 тэрбум төгрөгийн санхүүжилт арилжааны банкнаас авчээ. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд 2026 оны наймдугаар сарын 20-ны дотор бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах гэж байна. Эдгээр агуулах ашиглалтад орсноор Улаанбаатар хотын АИ-92-ийн хэрэглээний 13 хоногийн хэрэгцээг бүрэн хангах юм. Ерөнхий сайд тус агуулахыг ашиглалтад хүлээн авахад зөвшөөрлийн саад бэрхшээл учруулахгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Харин “Шунхлай” ХХК 100,000 м³ буюу Монгол Улсад хамгийн том хүчин чадалтайд тооцогдох газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг Сонгинохайрхандүүргийн 21 дүгээр хороонд барьж байна. Тус бүр нь 14,000 м³ нэрлэсэн багтаамжтай, 36 метрийн диаметр, 14.5 метрийн өндөртэй долоон босоо ган сав барихаар төлөвлөсөн. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 151.26 тэрбум төгрөг бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арилжааны банкнаас 151.0 тэрбумын санхүүжилт авсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 40 хувьтай байгаа бөгөөд 2027 оны 12 дүгээр сарын 31-нд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөснийг “Шунхлай” ХХК-ийн техник технологи хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од хэлэв. Тус агуулах ашиглалтад орсноор улсын хэрэглээний 8-9 хоногийн нөөцийг нэмж хадгална.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Манай Засгийн газар 33 жилийн дараа анх удаа 22 шатахууны нөөц сав барих ажил эхлүүлсэн. Мөн хоёр жил гацсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргалаа. Үр дүнд нь 20 хувийн гүйцэтгэлтэй гацсан үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрч үргэлжилж байна. 30 жил гацсан газрын тос нийлүүлэх, эрэл хайгуулын ажлыг эхлүүллээ. 14 байршилд Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг, дэлхий дахины нөхцөл байдлаас хамаарч эх орондоо үүсэх сөрөг нөлөөг даван туулахын төлөө бүх шатандаа хичээн ажиллаж байна хэмээв.

Улаанбаатар хотоос гадна Мөн Өмнөговь аймагт дөрвөн агуулах (37,000 м³, 34.109 тэрбум төгрөг), Дархан-Уул аймагт хоёр (11,000 м³, 10.834 тэрбум төгрөг), Баян-Өлгий аймагт хоёр (5,200 м³, 7.560 тэрбум төгрөг), Орхон аймагт нэг (8,000 м³, 7.530 тэрбум төгрөг), Ховд аймагт нэг (10,000 м³, 8.700 тэрбум төгрөг) төсөл хэрэгжиж байна. Эдгээр агуулахын барилга угсралтын ажлын явц 5-90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 85 хувиас дээш гүйцэтгэлтэй зургаан агуулах нь Морьт говь ойл ХХК, Тэс петролиум ХХК, Сан петролиум ХХК, Содмонгол групп ХХК, Веллком ХХК, Петролайн ХХК-ийнх бөгөөд барилга угсралтын үндсэн ажил нь дуусах шатандаа орж, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, тохируулга болон ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.

Хөнгөлөлтэй зээл авсан аж ахуйн нэгжүүд Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газартай хариуцлагын гэрээ байгуулжээ.
2027 оны улсын төсөвт аж ахуйн нэгжүүдээ дэмжиж шатахууны хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Үүний үр дүнд улсын гурван сар хүртэлх хэрэглээ хадгалах хүчин чадалтай болно. Ингэснээр богино хугацаанд үүсэж болох шатахууны үнийн огцом хөөргөдөл, хомсдолтой холбоотой бэрхшээл, эрсдэлийг бодитой бууруулах боломж бүрдэнэ. Агуулах барих газартай, зураг төсөлтэй, шаардлага хангасан бүх аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэв.




Хэн юу хэлэв...
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Хэн юу хэлэв...
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэхийг ЗГХЭГ-ын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн ажлаас нь чөлөөлөв.
Түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхарч байгааг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүн харуулж байгаад Засгийн газрын гишүүд хяналт тавьж, хариуцлагатай ажиллахыг анхааруулав.
Хариуцлага тооцохдоо хэлмэгдүүлэхгүй, хууль зөрчсөн нэгнийг хамгаалахгүй зарчим баримтлах ёстойг Ерөнхий сайд хэллээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаалчилга гарч, 20 хоногт 101.097 иргэн дэмжжээ. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн /2026.11.03/ өглөө.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөх иргэдийн саналыг уламжилж байгаагаа санаачлагчид хэллээ.

Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл боллоо. 100 мянган иргэн нэг асуудалд санал нэгдсэн нь олон зуун мянган иргэн, айл өрхийн асуудал байгааг илтгэж байна. Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
“2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд хэлээд саналаа илэрхийлж, шийдвэр гаргахад идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлэв.


-
Тод зураг2020/05/08
Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар болов
-
Тод зураг2020/04/13
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
-
Дэлхий нийтээр..2026/02/05
ЦЕГ: Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэ...
-
Дэлхий нийтээр..2024/08/30
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад су...
