Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно.
2026 оны наймдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 01-нээс
2026 оны есдүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 01, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 01-нд Алтайн салбар уулсаар, 02, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





Үйл явдал
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Үйл явдал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
