Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
Өнөөдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж болзошгүйг анхааруулж байна.
Есдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:
Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:
Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:
Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 3-5 хэм дулаан байна.
2026 оны аравдугаар сарын 01-нээс
2026 оны аравдугаар сарын 05-ныг хүртэл
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 01-нд шилжих шөнө Увсын зарим сумд, Завхан, Хөвсгөлийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 01-ний өдөр Увс, Хөвсгөлийн зарим сумд, Завхан, Булганы хойд сумдын нутгаар, 01-02-нд шилжих шөнө Архангайн ихэнх сумд, Завханы зүүн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун сумд, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумдаар, 02-ны өдөр Архангай, Дорноговийн ихэнх сумд, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн зарим сумдын нутгаар, 03-нд Төв, Дундговийн зарим сумд, Дорноговь, Сүхбаатарын ихэнх сум нутгаар 0.0-6.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 01-нд Алтайн салбар уулс болон тал газрын нутгаар, 02-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 03-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө хүйтэн хэвээр Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна. 03-д нутгийн баруун хэсгээр, 04-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
Үйл явдал
Ерөнхий сайд Өмнөговь аймагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг өглөө
Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал болон иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажиллагаанд дутагдал илэрчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөговь аймагт ажиллах үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна.
Хяналтын дүнгээр аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны 2025 оны ерөнхий үнэлгээ 67.9 хувьтай гарчээ. Хөгжлийн бодлогын баримт бичиг болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг тогтоосон бөгөөд мэдээллийн ил тод байдлын цахим систем дэх үнэлгээ 56.8 хувьтай байна.
Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах нэгдсэн цахим системд аймгийн 195 байгууллагаас 189 нь холбогдоогүй байжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гомдлын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд буураагүйг хяналтын байгууллагаас мэдээлэв.
Түүнчлэн аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлого батлаагүй, иргэдэд үр тариа, хүнсний ногоо тариалах зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй зэрэг дутагдал илэрсэн байна. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс суманд нөөцийн мах бэлтгэх ажил эхлээгүй байгааг мөн дурджээ.
Ерөнхий сайд Н.Учрал аймгийн удирдлагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, илэрсэн дутагдлыг арилгах үүрэг өгсөн байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдэд учирч буй хүнд суртлыг бууруулах «Чөлөөлье» санаачилгын хэрэгжилтийг хангахыг онцолжээ.
Аймгийн удирдлагууд орон нутагт хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахдаа Өмнөговьд 4972 аж ахуйн нэгж бүртгэлтэй, тэдгээрийн 2081 нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохыг мэдээлэв. Татварын шинэчлэлийн хүрээнд 500 аж ахуйн нэгжийг уг татвар төлөх үүргээс чөлөөлөхөөр тооцжээ.
Мөн аймгийн газар нутгийн 93 хувьд үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн бөгөөд сүүлийн таван жилд түрээслээд өмчлөх нөхцөлтэй 547 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.
Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг 10-аас 20 хувь болгож нэмэгдүүлсэн нь орон нутгийн хөгжлийн төсөл, арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг өсгөх боломж бүрдүүлжээ.
Үйл явдал
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Үйл явдал
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
-
Хэн юу хэлэв...2021/12/31
Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд В.Макей баярын мэндчилгээ ирүү...
-
Тод зураг2019/07/17
Зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орно
-
Үйл явдал2026/06/24
Авлигын эсрэг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх олон улсын арга хэмжээг Монгол Улсад ...
-
Үйл явдал2024/09/20
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
