Үйл явдал
Нам, эвсэл болон бие даагчид энэ удаагийн сонгуульд 470 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.04.28/ Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) дарга, гишүүдтэй уулзаж, өмнөх уулзалтаас гарсан үр дүн, цар тахлын нөхцөлд сонгуульд хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл сонсож, ярилцлаа.
СЕХ-ны гишүүд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газар, Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай цар тахлын нөхцөлд сонгууль хэрхэн явуулах асуудлаар санал бодлоо солилцож, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явуулах бэлтгэл ажлаа базааж байгаа гэв.
Гэсэн ч эрсдэлтэй, бодит аюул байгаа гэж СЕХ-ны гишүүд үзэж байна. Тухайлбал, СЕХ-ны гишүүн Р.Содхүү “…нэр дэвшигчдэд хуулиар олгогдсон сонгуулийн сурталчилгааг хийх, өрх бүрээр явж сонин, сэтгүүл тараах зэрэг эрхийг нь хязгаарлах боломжгүй…” байгааг эрсдэлтэй гэж үзэж байна гэлээ.
Мөн СЕХ-ны гишүүн О.Амгаланбаатар өнөөдрийг хүртэл сонгуулийг хэрхэн хийх зөвлөмж гаргаагүйгээс болж зардал хэрхэн нэмэгдэхийг ч тооцоолоогүй байгаа гэсэн юм. Мөн сонгуулийн сурталчилгаа хийх, нийтийн уулзалт хийх эрх нь хуулиар нээлттэй, нэр дэвшигчдийн тэгш өрсөлдөх эрхийг хангахын тулд эдгээр эрхийг хасаж болохгүй байгаа нь цар тахлын үед онцгой анхаарал хандуулах асуудал хэмээн харж байгаа гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед уламжлалт аргаараа сонгууль явуулах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд СЕХ-ны зүгээс тулгарч байгаа асуудлаа нээлттэй ярилцаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүлэх ёстой гэсэн юм.
Мөн энэ удаагийн уулзалтаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд ойролцоогоор 470 гаруй орчим тэрбум төгрөг зарцуулагдахаар байгаа нь цар тахлын эсрэг одоогийн зарцуулсан төсвөөс хэдэн арав дахин их байгаа талаар ярилцав.
Тухайлбал, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хамгийн олон буюу 800 орчим нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Холбогдох байгууллагаас хийсэн зардлын судалгаагаар улсын дунджаар нэг нэр дэвшигч сонгуульд 474.4 сая төгрөгийн зардал гаргана гэж үзвэл нэр дэвшигчид 379.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон байна.
Харин сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд буй 19 нам, эвсэл тус бүр хамгийн багадаа таван тэрбум төгрөг зарцуулна гэж үзвэл 95 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Ингээд нам, эвсэл, нэр, дэвшигчдийн зүгээс сонгуульд ойролцоогоор 474 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийг хамарсан цар тахлын улмаас иргэдийн халаас нимгэрч, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал улам хүндэрсээр буй энэ үед дээр дурдсан хэмжээний мөнгийг зарцуулан сонгууль явуулах нь зохистой алхам эсэхийг бүх шатандаа бодолцон үзэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Уулзалтын төгсгөлд, УИХ-ын ээлжит сонгуулийг эрсдэл багатайгаар зохион явуулах, сонгуулийн үеэр халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх шийдлийг тодорхойлох, нөхцөл байдлыг бодитоор үнэлж, дүгнэлт хийх асуудлаар эрх бүхий холбогдох байгууллагуудын оролцоотой олон талт уулзалт хийхээр боллоо.
Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Дэлхий нийтээр..2022/05/04
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн "Хайртай шүү ээжээ" аялан тоглолт болно
-
Дэлхий нийтээр..2021/11/29
“Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын грант, шилдэг өгүүлэл, бүтээлүүд...
-
Дэлхий нийтээр..2022/10/19
Экспорт 22.1 хувиар буурчээ
-
Үйл явдал2022/10/28
Нийслэлийн ойд зориулсан бөхийн барилдаан болно
