Үйл явдал
Д.Цогтбаатар сайд НҮБ-ын АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” сэдвийн дор энэ сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр болж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын хувиар энэ удаагийн чуулганы нээлтийг удирдаж, үг хэлэв. Тэрээр АНДЭЗНК-ын зүгээс макро-эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, эрчим хүч, статистик, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр өнгөрсөн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнгийн талаар мэдээлэв. Түүнчлэн, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын дараах ертөнцөд эрүүл мэнд болон аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх асуудал олон улсын харилцаанд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгааг дурдаад, улс орнууд илүү идэвхтэй хамтран ажиллах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах тусгай нэгжийг тус байгууллагад байгуулах, халдварт өвчний цар тахлын үед бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний логистикийн төв байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаагаа гишүүн орнуудад мэдэгдэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы даргын үүрэгт ажлыг Бангладеш Улсад хүлээлгэн өгөв.

Энэхүү цахим чуулганд АНДЭЗНК-ын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцож, “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” болон “Ази, Номхон далайн бүс нутагт цар тахал болон хямралаас үүдэн гарч буй нийгэм, эдийн засгийн бэрхшээлүүдийг даван туулахад бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих” гэсэн хоёр тогтоолыг хэлэлцэж баталлаа.
Үйл явдал
Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргын 01 дүгээр үүрэг даалгаврын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын ерөнхий байцаагчдын баталсан удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн байдал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль хамгаалах үүргийн хэрэгжилт, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг илрүүлэн таслан зогсоох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад хуульд заасан шаардлага хангаагүй, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс болон ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийн заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй 2 зөрчил илэрч, уурхайн техник, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоолоо.
Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 3 үйлдэл, хууль бусаар ашигт малтмал хайсан 3 үйлдлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.
Хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна
Үйл явдал
“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг баталж танилцууллаа
Төлөвлөгөө танилцуулах арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон төрийн байгууллага, эрүүл мэндийн салбар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.
Монгол Улсад зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд нийт нас баралтын 81 орчим хувийг эзэлж байна.
Мөн халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтын эрсдэл 29 хувь орчим байгаа нь дэлхийн болон бүс нутгийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.
Иймээс Эрүүл мэндийн яамнаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2026–2028 оны арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус төлөвлөгөө нь:
-халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх
-тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах
-нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих
-эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх
-анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх
эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн зургаан стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.
Энэхүү арга хэмжээний төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан бөгөөд 2030 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтыг гуравны нэгээр бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Үйл явдал
Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч тавдугаар сард виз, зөвшөөрлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлтийг үндэслэн гадаадын 5104 иргэнд визийн зөвшөөрөл, 15574 иргэнд зохих ангиллын виз олголоо.
Мөн 1645 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 8198 иргэний оршин суух зөвшөөрлийн олголт, 1459 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 4008 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэв.
Дээрх тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз олголт 35.8 хувиар, оршин суух зөвшөөрөл олголт 61.3 хувиар, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 8.9 хувиар өссөн бол визийн зөвшөөрөл олголт 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх зорилгоор 24997, хөрөнгө оруулах зорилгоор 5539, суралцах зорилгоор 4570, гэр бүлийн шугамаар 3031, бусад зорилгоор 3268 гадаадын иргэн оршин сууж байна.

-
Үйл явдал2024/09/06
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна
-
Үйл явдал2020/06/08
УИХ-ын 2020 оны сонгуулийн саналын хуудсыг хэвлэж эхэллээ
-
Үйл явдал2026/03/25
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
-
Дэлхий нийтээр..2022/09/02
“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл аж...
