Үйл явдал
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа
УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг энэ сарын 4-ний өдөрийн үдээс хойш хуралдав. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар болон төслийн эхийг баригч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ажиллаж байгаа юм.

Хуралдааныг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин даргалж, Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан болон УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар оролцов. Мөн уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон ажлын дэд хэсгийн гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг, Үндсэн хууль судлаач О.Машбат, Д.Сүнжид нар оролцлоо.
Ажлын хэсгийн хуралдаанаар энэ долоо хоногт хуралдсан УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг ажлын дэд хэсгүүд хуралдаанаараа нэгтгэж хэлэлцсэн талаарх мэдээллийг сонсохоор болж, энэ талаар эхлээд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагч, Улсын Бага Хурлын гишүүн Р.Хатанбаатар мэдээлэл хийсэн юм.

Ажлын дэд хэсгийн ахлагчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан Байнгын хороодын хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын зарим гишүүд гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо татаж авсан талаарх мэдээллийг Ажлын хэсгийн гишүүдэд дуулгаад үүнийг хуралдааны тэмдэглэлд тусгуулах саналтай байгаагаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нар Байнгын хороодын хуралдаан дээр гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналаа татаж авчээ.
Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Мөнхбат ажлын дэд хэсгүүдийн мэдээллийг нэг бүрчлэн сонсоход нэлээд цаг хугацаа шшардагдах учраас цаг хожих үүднээс ажлын дэд хэсгүүд болон Байнгын хороодын хуралдаан дээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар шууд санал хурааж шийдвэрлээд явах горимын санал гаргасныг Ажлын хэсгийн гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хороодын хуралдаанаар хийх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав.
УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслацлаа үзүүлэх үүрэг бүхий ажлын үндсэн дөрвөн дэд хэсэг өчигдөр хуралдаж, тухайн дэд хэсгийн чиг үүрэгтэй холбоотойгоор Байнгын хороодын хуралдаан дээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн авч үзэж, холбогдох тайлбар, үндэслэлээ боловсруулжээ.
Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин эхлээд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар Байнгын хороодын хуралдаан дээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг танилцуулж, санал хураалгалаа. Ажлын хэсгийн гишүүд энэ үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудтай холбогдуулан ажлын дэд хэсгийн гишүүдийн тайлбар, үндэслэлийг сонсож, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.
Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэх талаарх төслийн заалтыг өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол, мөн төслийн энэ заалттай холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг ажлын дэд хэсэг дээр дахин ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэж үзээд түр хойшлуулсан бол төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 хэсгийн 1 дэх өгүүлбэрээс “тогтолцоо” гэснийг хасахаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Болд, Ж.Батзандан нарыг гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “олонхын саналаар батална” гэснийг “олонхын саналаар хуулийг бүхэлд нь эцэслэн батална” гэж өөрчлөн найруулах санал гаргасан нь дэмжигдлээ. Түүнчлэн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг буюу Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлд хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороог байгуулахтай холбоотой заалт нэмэхээр тусгасныг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, Д.Оюунхорол нарын саналаар хасах нь зүйтэй гэж үзэв. Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн агуулгатай 19зүйлийн 1 дэх хэсгийг нэмэхээр тусгасныг хасахыг Ажлын хэсгийн гишүүдийн олонх нь дэмжив.

Харин Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх өгүүлбэрийг “Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүн байж болно” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэхээр тогтлоо. Харин төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавин тав” гэснийг “тавин” гэж өөрчлөхөөр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нээлттэй үлдээж, ажлын дэд хэсэг дээр дахин ярилцаж шийдэхээр тогтов.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 3 дугаар зүйлийн 10 дахь заалт буюу Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын иргэнийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа удаа томилно” гэсний дараа “Улсын Дээд шүүхийн нийт гишүүдийн гуравны хоёр нь шүүн таслах ажлын туршлагатай байна” гэж нэмэх УИХ-ын гишүүн О.Батнасан, Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, А.Ундраа, Н.Учрал нарын санал олонхын дэмжлэг авсан юм. Мөн Ажлын хэсгийн саналаар төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтын эхний өгүүлбэрийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг УИХ-ын холбогдох Байнгын хороо, нэгийг Засгийн газар, нэгийг мэргэжлийн холбооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно” гэж өөрчлөн найруулахаар болов. Түүнчлэн ажлын хэсэг болон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын гаргасан саналын дагуу төслийн 3 дугаар зүйлийн 14 дэх заалт буюу Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “есөн жилийн хугацаатай” гэснийг “есөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” гэж өөрчлөхөөр тогтсон юм.

Харин Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот; тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийг олгох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж өөрчлөхөөр Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллыг дэмжив. Мөн Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Сумын Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд хуулиар тогтоосон журмын дагуу сонгож, аймгийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Дүүргийн Засаг даргыг сонгох, эсхүл томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар боллоо.
Ажлын хэсэг маргааш хуралдаж гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналыг эцэслэн хэлэлцэж нягталж шийдвэрлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулах юм.
Үйл явдал
Ерөнхий сайд Өмнөговь аймагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг өглөө
Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал болон иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажиллагаанд дутагдал илэрчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөговь аймагт ажиллах үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна.
Хяналтын дүнгээр аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны 2025 оны ерөнхий үнэлгээ 67.9 хувьтай гарчээ. Хөгжлийн бодлогын баримт бичиг болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг тогтоосон бөгөөд мэдээллийн ил тод байдлын цахим систем дэх үнэлгээ 56.8 хувьтай байна.
Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах нэгдсэн цахим системд аймгийн 195 байгууллагаас 189 нь холбогдоогүй байжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гомдлын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд буураагүйг хяналтын байгууллагаас мэдээлэв.
Түүнчлэн аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлого батлаагүй, иргэдэд үр тариа, хүнсний ногоо тариалах зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй зэрэг дутагдал илэрсэн байна. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс суманд нөөцийн мах бэлтгэх ажил эхлээгүй байгааг мөн дурджээ.
Ерөнхий сайд Н.Учрал аймгийн удирдлагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, илэрсэн дутагдлыг арилгах үүрэг өгсөн байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдэд учирч буй хүнд суртлыг бууруулах «Чөлөөлье» санаачилгын хэрэгжилтийг хангахыг онцолжээ.
Аймгийн удирдлагууд орон нутагт хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахдаа Өмнөговьд 4972 аж ахуйн нэгж бүртгэлтэй, тэдгээрийн 2081 нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохыг мэдээлэв. Татварын шинэчлэлийн хүрээнд 500 аж ахуйн нэгжийг уг татвар төлөх үүргээс чөлөөлөхөөр тооцжээ.
Мөн аймгийн газар нутгийн 93 хувьд үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн бөгөөд сүүлийн таван жилд түрээслээд өмчлөх нөхцөлтэй 547 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.
Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг 10-аас 20 хувь болгож нэмэгдүүлсэн нь орон нутгийн хөгжлийн төсөл, арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг өсгөх боломж бүрдүүлжээ.
Үйл явдал
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Үйл явдал
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
-
Дэлхий нийтээр..2023/04/10
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
-
Дэлхий нийтээр..2020/12/14
Ерөнхийлөгч Х.Баттулга Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх дээд хэмжээни...
-
Үйл явдал2025/08/21
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2024/09/06
Монгол Улс, БНСУ-ын тээврийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын с...
