Дэлхий нийтээр..
Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо
Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-д оруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн юм.
Тэгвэл Монгол Улсын Их Хурлын 2020 оны Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, холбогдох байнгын хорооны дүгнэлтийг сонссоны дараагаар асуулт, асууж үг хэлж дууссанаар санал хураалт явууллаа. Санал хураалтад 71 гишүүн оролцож, 70 гишүүн дэмжиж УИХ-ын гишүүдийн 93.3 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ. Харин дэмжээгүй нэг гишүүн нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байлаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь 1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Тэрбээр 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал, 1997-1999, 2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2007 оноос Монголын зүүний хүчний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Улмаар 2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.
Тэрбээр 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ажиллаж, 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.
Дэлхий нийтээр..
Герман улс эрчим хүчний хэмнэлттэй барилгын Passive House стандартыг амжилттай хэрэгжүүлж байна
Герман улс эрчим хүчний хэмнэлттэй барилгын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд Passive House буюу Passivhaus стандартыг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү стандарт нь орон сууц, сургууль, эмнэлэг, оффис зэрэг барилгын халаалтын эрчим хүчний хэрэглээг уламжлалт барилгатай харьцуулахад 80-90 хувиар бууруулах боломжтой гэдгээрээ онцлог юм.
Ердийн орон сууц нэг ам метр талбайд жилд ойролцоогоор 120-150 кВт.цаг халаалтын эрчим хүч хэрэглэдэг бол Passive House стандартын барилга 15 кВт.цаг/м²-аас бага эрчим хүч хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл, халаалтын эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой аж.
Passive House стандартын дагуу баригдсан барилгууд нь хана, дээвэр, суурийн дулаалгыг өндөр түвшинд шийддэг. Мөн гурван давхар шилтэй, агаар нэвтрүүлэхгүй чанарын өндөр шаардлага хангасан цонх суурилуулдаг байна.
Түүнчлэн доторх дулааныг гадагш алдахгүйгээр цэвэр агаар оруулдаг дулаан сэргээх агаар сэлгэлтийн систем ашигладаг. Ингэснээр өвлийн улиралд бага хэмжээний эрчим хүчээр тогтвортой дулаан, тав тухтай орчныг бүрдүүлэх боломжтой юм.
Мөн Passive House стандарт нь халаалт, хөргөлт, халуун ус, ахуйн цахилгааны нийт анхдагч эрчим хүчний хэрэглээг 50-75 хувиар бууруулах давуу талтай гэж үздэг.
Энэхүү стандарт нь зөвхөн эрчим хүч хэмнэх бус, иргэдийг жилийн дөрвөн улиралд тогтмол дулаан, цэвэр агаартай, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн барилгын шийдэл болоод байна.
Дэлхий нийтээр..
Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөг халдлагад өртсөн асуудлаар мэдэгдэл хийж, уг үйлдэл хариу арга хэмжээ авахгүй өнгөрөх боломжгүй гэж анхаарууллаа.
Reuters-ийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн яам Украин Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөгт халдсан гэж мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр халдлагын улмаас хөлөг дээр дэлбэрэлт болж, нэг далайчин амиа алдаж, нэг хүн шархаджээ.
Ираны тал уг халдлагыг “дайсагнасан, гэмт үйлдэл” гэж буруутган, Техран дахь Украины түр хамаарагчийг дуудаж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн Киев Украины дайны хүрээг тэлэхийг оролдож байна гэж үзэж буйгаа мэдэгдэж, үндэсний ашиг сонирхлоо хамгаална гэдгээ онцолжээ.
Энэ хэрэг Орос, Украины дайн улам олон улсын шинжтэй болж буй үед гарч байна. Украин өмнө нь Каспийн тэнгист Ирантай холбоотой цэргийн ачаа тээвэрлэж байсан гэх хөлөг онгоцуудыг онилсон гэж мэдэгдэж байжээ.
Дэлхий нийтээр..
БНСУ шатахууны татварын хөнгөлөлтийг дахин хоёр сараар сунгав
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо. БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
