Тод мэдээ
Тапан Мишра: Тогтвортой хөгжил-тогтвортой төрийн алба

НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, Төрийн албаны зөвлөлийн дарга нар уулзаж НҮБ-ын төрийн албаны өдөр болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны тухай, төрийн албаны шинэтгэлийн үйл явц тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байгаа зэрэг бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлаа.
Өнөөдөр дэлхий нийтээрээ хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй VUCA эринд ажиллаж, амьдарч байгаа хэдий ч бид тогтвортой, тодорхой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд хүргэх төрийн албыг бэхжүүлэхийг зорин ажиллаж байна. Бидний энэхүү зорилго НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын үзэл баримтлалтай мөн нийцэж байгаа билээ. Хөгжил тогтвортой байхын тухайд төрийн албанд чадварлаг ажилтнууд тогтвортой ажиллах хуулийн зарчим хэрэгжиж байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг уулзалтын эхэнд онцоллоо.
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад төрийн албаны шинэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд төсөл хэрэгжиж байгаа нь цаг үеэ олсон ажил юм. НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас энэхүү шинэтгэлийн үйл явцад цаашид дэмжлэг үзүүлж хамтын үйл ажиллагааг өргөжүүлнэ. Төслийн гол зорилго таны хэлснээр төрийн алба тогтвортой, тодорхой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай байхад чиглэж байгаад сэтгэл хангалуун байна.
Дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д нэн чухал ач холбогдол өгч байна. НҮБ хувьд ч өнгөрсөн 75 жилийн түүхээ эргэн харах, ирэх 25 жилд энэ дэлхий дээр байгаа хүн нэг бүр хөгжлөөс хоцрохгүй байхын төлөө юу хийж болох вэ, тэр дундаа монгол хүн нэг бүрийг хөгжлөөс хоцроохгүйн тулд хамгийн гол хөдөлгөгч хүч нь төрийн алба юм” хэмээн ярилаа.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
-
Тод мэдээ2022/02/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Чөлөөт бүс2020/09/21
“Акашагийн мэдээлэл” буюу зөн билгийн орчин...
-
Тод мэдээ2020/10/27
УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал сунгах саналыг гаргалаа
-
Тод мэдээ2025/01/28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгар...