Үйл явдал
“Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын 10 хоног маргааш эхэлнэ
Монгол Улсын Засгийн газраас дархлаажуулалтын 10 хоногийг 26 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор 10 дугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд зохион байгуулна.
Манай улсын хувьд улирлын томуугийн эсрэг гурван цэнт А хүрээний H1N1, H3N2, B хүрээний хэв шинжийг агуулсан вакциныг БНСУ-ын Грийн Кросс үйлдвэрээс саяхан хүлээн авч одоо дархлаажуулалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд хамгийн өртөмхий, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох хүүхдүүддээ: Нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүд, Аймгийн төвд 2-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харъяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг, сургууль дээр нь дархлаажуулалтын түр цэгүүдээр вакцинжуулна.
Хүүхдүүдэд вакцин хийлгэхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгсөн.
Тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхээр нь зөвшөөрөлийн хуудсанд гарын үсэг зуруулж вакцинжуулна.
Насанд хүрэгчдийн хувьд 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны ахмадууд болон архаг суурь өвчтэй хүмүүс, Эрүүл мэндийн ажилтанууддаа харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.
Ер нь дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цартахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.
Дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Иймд, та бүхнийг үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Мөн дан ганц вакцин амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлдэггүй. Та бүхэн гараа байнга угааж, амны хаалтаа зүүж, олон хүнтэй газруудаас явахгүй байхыг дахин дахин сануулж байна.
Нэмэлт мэдээлэл:
Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?
- Эмчийн үзлэгт орох
- Дулаан хувцаслах
- Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
Вакцины эсрэг заалт:
- Вакцинд хэт мэдрэг хүн
- Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн
- Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
- Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
- Дархлал дутмагшилтай хүн
- Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
- Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн

Үйл явдал
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан Монгол Улсын Ерөнхий сайдын Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Засгийн газрын гишүүдийг томилохоор Улсын Их Хуралд танилцууллаа.
Үүнд:
- Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад,
- Тогмидын Доржхандыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад,
- Нямтайширын Номтойбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад,
- Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад,
- Батмөнхийн Батцэцэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдад,
- Загджавын Мэндсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдад,
- Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдад,
- Гонгорын Дамдиннямыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад,
- Дамбын Батлутыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдад,
- Цэндийн Сандаг-Очирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад,
- Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдад,
- Тилеуханы Аубакирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад,
- Борхүүгийн Дэлгэрсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдад,
- Жуковын Алдаржавхланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад,
- Энхтайваны Бат-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад,
- Цагаанхүүгийн Идэрбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,
- Чинбатын Номинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад,
- Бадрахын Найдалааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрчим хүчний сайдад,
- Энхбаярын Батшугарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлсэн байна.
Үйл явдал
Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэргүүцэж байна
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон санал асуулгын байгууллагуудын хамтран 2026 оны гуравдугаар сарын 26-30-ны хооронд явуулсан судалгаагаар америкчуудын дунд Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэргүүцэх хандлага нэмэгдсэн дүн гарчээ.
Судалгааг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 1-ний хооронд явуулсан өмнөх санал асуулгатай харьцуулахад эсэргүүцлийн түвшин мэдэгдэхүйц өссөн байна.
Судалгааны дүнгээр:
- Америкчуудын 66 хувь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэргүүцэжээ
- Үүнээс 43 хувь нь хатуу эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн
- Энэ үзүүлэлт өмнөх судалгаанаас 12 хувиар өссөн
Мөн:
- Судалгаанд оролцогчдын 67 хувь АНУ-ын засгийн газар Ираны асуудлаар тодорхой төлөвлөгөөгүй гэж үзжээ
- 71 хувь Иранд цэргийн ажиллагааг өргөжүүлэхэд 200 тэрбум ам.долларын төсөв батлахыг эсэргүүцсэн
- 68 хувь Иранд хуурай замын цэрэг илгээхийг дэмжээгүй
Судалгааны дүнгээс америкчуудын дунд Ираны эсрэг цэргийн ажиллагааг өргөжүүлэх талаар эргэлзээ нэмэгдэж, цэргийн оролцоог дэмжих хандлага буурч байгааг харуулж байна.
Ажиглагчдын үзэж буйгаар Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед АНУ-ын дотоодод олон нийтийн байр суурь илүү болгоомжтой болж байгааг энэхүү судалгаа илтгэж байна.
Үйл явдал
Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно
Казахстан улс технологийн салбараа дэмжих бодлогын хүрээнд Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс нэг тэрбум тенгегээс давсан санхүүжилт олгохоор төлөвлөсөн талаар Казахстаны хэвлэлүүд мэдээлэв.
Жаслан Мадиев-ийн мэдээлснээр Astana Hub-ийн оффисын байр түрээс болон үйл ажиллагааны зардлыг дэмжих зорилгоор 1.2–1.5 тэрбум тенге төсөвт тусгахаар болжээ.
Astana Hub нь Казахстаны технологийн салбарын гол төв бөгөөд стартап компаниудыг дэмжих, олон улсын зах зээлд IT үйлчилгээ экспортлох чиглэлд гол үүрэг гүйцэтгэж байна.
2025 оны байдлаар:
- 537 компани бүртгэлтэй
- 111 улс руу IT үйлчилгээ экспортолсон
- 32,500 гаруй ажлын байр бий болгосон
- 328 тэрбум тенге буюу 681 сая ам.долларын экспорт хийсэн
үзүүлэлт бүртгэгджээ.
Мөн стартап хөгжүүлэлтийн хүрээнд “AI’preneurs” акселератор хөтөлбөр хэрэгжиж, 2024 оны есдүгээр сараас хойш хиймэл оюунд суурилсан 35 стартап бойжсон байна.
Ийнхүү Казахстан улс технологийн салбараа төрөөс шууд санхүүжүүлж, экспортод чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа нь дижитал эдийн засгийг хөгжүүлэх зорилготой стратегийн алхам гэж ажиглагчид үзэж байна.
-
Үйл явдал2020/06/15
Улаанбаатарт өдөөртөө 31 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2020/11/02
Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ
-
Дэлхий нийтээр..2022/09/13
Гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-4 дүгээр түвшинд эрэмбэлэгдсэн багш нарт урамшуулал о...
-
Тод зураг2019/12/04
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
