Хэн юу хэлэв...
ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч "Марал" анхны ярилцлагаа хийлээ
Намрын дунд сар шувтарч өвөл хаяанд ирснийг сануулан жавар хайрсан амралтын өдрийн өглөө хотын баруун хэсэг хөл хөдөлгөөн ихтэй. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цугласан олон хаа нэг тийшээ яарахыг хараад тэдэнтэй нэгдэх хүсэл өөрийн эрхгүй төрнө. Тэдгээр хүмүүс хаа нэгтээ их л чухал үйл явдалд оролцох эс бөгөөс баярын үйл ажиллагаа руу яарч яваа гэмээр. Залуучууд голдуу тэр зүг рүү тэмүүлэх бөгөөд аав ээжийнхээ гараас хөтөлсөн багачууд ч харагдана. Тэд ийнхүү нэг зүгт тэмүүлж буй нь 14 дэхь намартаа зохион байгуулагдаж буй ICT экспо буюу харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын шилдгүүдийн үзэсгэлэнг үзэх гэж буй нь тэр юм.
Цахим үндэстэн гэх уриан дор нэгдсэн технологийн шилдгүүд Мишээл экспогийн үзэсгэлэнгийн талбайг бүрэн автоматжуулж орхижээ. Таныг дөнгөж үүдээр орох төдийд л нүүр царай таних систем ажиллаж, халуунтай эсэхийг чинь хормын дотор тодорхойлж орхино. Системд төвөггүйхэн бүртгүүлсний дараа цахим доктор таныг угтах бөгөөд хүмүүсийг уураар ариутгаж, үзэсгэлэнт охидууд экспод тавтай морилохыг урина. Нэг талаас цар тахлын үе давхацсан нөгөө талаас технологийн эринд амьдарч байгаа гэдгийг сануулсан энэ угталт аюулгүй хийгээд ухаалаг байсан нь сэтгэл сэргээнэ. Үзэсгэлэнд хөл тавихын сацуу ирээдүйд эс бөгөөс ямар нэгэн сансрын уудамд хөөрөх хөлөгт суучихав уу гэлтэй содон. Цахим орчин дахь бүтээгдэхүүний дүрд хувирсан залуус хаа сайгүй. Unitel-ын саяхан мэндэлсэн Токи-оос эхлээд сансрын нисгэгчид шиг хувцасласан угтагчид, загварлаг залуус ICT экспог улам ч өнгөлөг болгожээ.
Экспо руу дөнгөж оронгуут үүдний баруун хэсэгт "Е-Mongolia"-н хэсэг байх бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамт олон төрийн 181 үйлчилгээг цахим болгосон талаар хүмүүст мэдээлэл өгөх аж. Хүмүүсийн гар утсанд аппликэйшнийг нь суулгаж өгөөд тайлбарлан ярилцах нь зочдод тун ч таалагдаж байгаа бололтой. Ингэхэд та "Е-Mongolia" аппаа татсан биз дээ. Төрийн үйлчилгээ авах гэж түгжирч, хэн нэгний хаалга сахиж эсвэл ТҮЦ машин хайж явдаг үе өнгөрсөн шүү. Цаашдаа "Е-Mongolia" платформд төрийн 500 гаруй үйлчилгээ байрших юм билээ.
"Е-Mongolia" тэргүүтэй 70 гаруй салбарын шилдгүүд энд технологийн гайхамшгийг харуулсан бүх л бүтээгдэхүүнийг танилцуулах аж. Виртуал орчноос эхлээд, ямар нэг хүүгүй, шимтгэлгүй худалдан авалтын апп, ухаалаг гэр хотын систем, цахим даатгал тэр ч бүү хэл үнэрийг тоон системд хувиргаж зөвхөн танд зориулсан үнэртнийг гаргах үйлчилгээ, технологийн урлагийг таниулахаар зориглосон старт-апууд хүртэл ICT-д байлаа.
Мөн "Е-Mongolia"-ын эсрэг талд МОSА буюу Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо экспог шууд дамжуулж олон сонирхолтой зочидтой ярилцах аж. Бүр бидний төсөөлөө ч үгүй хиймэл оюун ухаант хөтлөгчийг энэ үеэр танилцууллаа.
Монголын хамгийн анхны хиймэл оюун ухаант хөтлөгч бүсгүй Марал дэлгэцийн цаанаас Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Чулуунзагдтай анхны ярилцлагаа хийлээ. Цугласан олон ч тэр зүг гайхширч зарим нэг нь үл итгэн элдэв таамаг дэвшүүлнэ.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2021/03/24
Халдвар тархах өндөр эрсдэлтэй 48 хороо байна
-
Дэлхий нийтээр..2020/09/22
Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1200 хүүхдийн сургуулийн барилгыг байнгын а...
-
Үйл явдал2020/12/23
Нийслэлд өнөөдөр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дахин шилжи...
-
Дэлхий нийтээр..2026/01/27
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиол...
