Чөлөөт бүс
Суулгалт өвчнөөс сэргийлье
Суулгалт гэдэг нь хоногт гурав ба түүнээс олон удаа эмгэг хольцтой (ус, цус, боловсорч гүйцээгүй хоолны үлдэгдэл, залхаг гэх мэт) хүндрэхийг хэлдэг. Үүнд:
- Цочмог суулгалт /14 хоног хүртэл үргэлжилсэн/,
- Архаг суулгалт /14 хоногоос дээш үргэлжилсэн/ гэж ангилна.
Суулгалт нь таваас доош насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд дэлхий дээр жилд 200 мянган хүүхэд тус өвчнөөс болж эндэж, олон мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
СУУЛГАЛТ ЯАГААД ҮҮСДЭГ ВЭ?
- Вирус 80-90%
- Нян 10-20%
- Шимэгч 5%
- Зарим эмийн гаж нөлөө
- Зарим төрлийн хоол хүнсний үл шимэгдэлт
- Хоол боловсруулах тогтолцоог гэмтээдэг эмгэгүүдээс үүсч болно.
РОТАВИРУСЫН ШАЛТГААНТ СУУЛГАЛТ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?
0-5 хүртэлх насны хүүхдийн суулгалт өвчний гол үүсгэгч нь Ротавирус юм. Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биед шимэгдүүлэлгүй хөөн гаргадаг. Ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс, давсаа алддаг учир шингэний дутагдалд орж, хүүхдийн аминд аюул учрах эрсдэлтэй.
Ротавирусаар үүсгэгдсэн суулгалт өвчин хүнд хэлбэрт шилжих магадлал өндөр байдаг ба жилийн аль ч улиралд идэвхитэй хэлбэрт оршдог бөгөөд оргил үе нь хүйтний улирал буюу 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаа байдаг.
ХАЛДВАРЛАХ ЗАМ:
- Халдвартай хүн эсвэл орчны гадаргуу, эд зүйлсэд хүрэлцсэний дараа гараа угаахгүй байх,
- Бохирлогдсон гараар хоол хүнс идэж, уух.
Насанд хүрэгчид ротавирусын халдвар авч болно. Гэхдээ хүүхдийг бодвол тийм ч нийтлэг бус. Учир нь бага насны хүүхдийг бодвол насанд хүрэгчид нь ариун цэврийн дэглэм харьцангуй сайн сахидаг.
ХАЛДВАРЫН НУУЦ ҮЕ:
- Дунджаар 1-3 өдөр байна.
- Үүсгэгч нь вирусыг тээгч хүнд хадгалагдаж байдаг бөгөөд өөрөө өвдөхгүй, эсвэл өвчий шинж тэмдэг бүдэг байдаг тул бусдад болон эргэн тойрондоо мэдэлгүйгээр халдвар тарааж явдаг.
- Вирус нь ходоод гэдэсний замын салст бүрхүүлийн эс дотор өсөж үржин, баасаар гадаад орчинд ялгардаг.
- Өвчтөн өвчний эхний өдрөөс л вирусыг гадаад орчинд тарааж эхлэх ба 7-8 өдрийн туршид ялгаруулдаг, шинж тэмдэггүй тээгч хэдэн сараар ч ялгаруулах нь бий.
Ротавирус нь хөлдөөх, өндөр темпуратурт, хлорын нэгдэлд амархан үхдэг. Баасанд долоон сар хүртэл, жимс жимсгэнэд 5-30 хоног хүртэл, янз бүрийн гадаргууд 10 хоног хүртэл, органик нэгдэлд 16 хоног хүртэл хадгалагддаг.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Чөлөөт бүс
Домгийн “Кракен” бодит амьтнаас санаа авсан байж магадгүй...
Одоогоос олон арван сая жилийн өмнө дэлхийн далай тэнгист үлэг гүрвэлийн үеийн аварга махчин амьтад ноёрхож байсан гэж үздэг. Харин шинэ судалгаагаар тухайн үеийн далайн экосистемд аварга наймаалж төст амьтад ч томоохон махчны байр суурь эзэлж байсан байж магадгүй гэж үзжээ.
Японы Хоккайдогийн их сургуулийн судлаачид Япон болон Канадын Ванкувер арлаас олдсон толгой хөлтөн амьтдын чулуужсан хошуу, эрүүний үлдэгдлийг шинжилсэн байна. Судалгаагаар Nanaimoteuthis төрөлд хамаарах хоёр зүйл Цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд зарим нь 19 метр хүртэл урт биетэй байсан байж болзошгүй гэж тооцоолжээ.
Эдгээр амьтад нь орчин үеийн наймаалж, далайн амьтдын адил зөөлөн биетэй байсан тул бүтэн биеэрээ чулуужиж үлдэх нь ховор. Тиймээс судлаачид хошуу, эрүүний хатуу хэсгийг ашиглан хэмжээ, идэш тэжээл, амьдралын хэв маягийг нь сэргээн тооцсон байна. Олдвор дээрх элэгдэл, гэмтлийн ул мөр нь тэд хатуу хуяг, яслаг бүтэцтэй олзыг бутлах чадвартай байсан байж болохыг харуулжээ.
Судлаачдын үзэж буйгаар эдгээр аварга толгой хөлтөн амьтад тухайн үеийн далайн мөлхөгчид болох мозазавр, плезиозавр зэрэг том махчидтай нэг экосистемд амьдарч, зарим тохиолдолд дээд түвшний махчны үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй юм.
Гэхдээ эрдэмтэд үүнийг домгийн “Кракен” үнэхээр байсан гэсэн утгаар бус, харин түүнтэй зүйрлэмээр хэмжээтэй, хүчирхэг эртний толгой хөлтөн амьтад байсан байж болохыг харуулсан шинжлэх ухааны шинэ тайлбар гэж үзэж байна.
Чөлөөт бүс
Муур өндрөөс бүрэн аюулгүй унаж чаддаг уу?
Муур өндөр газраас унаад зүгээр босоод явчихдаг бичлэг, түүхүүдийг бид олонтаа хардаг. Тэгэхээр муур үнэхээр ямар ч өндрөөс унасан гэмтэхгүй гэсэн үг үү гэдэг асуулт гарч ирнэ.
Үнэндээ муур бусад амьтдаас илүү “унаж чаддаг” нь үнэн. Тэдэнд төрмөл нэг онцгой чадвар бий. Унах үедээ агаарт биеэ эргүүлж, дөрвөн хөл дээрээ буухыг хичээдэг. Үүнийг шинжлэх ухаанд Righting reflex гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, муур унаж байхдаа “өөрийгөө засаж” чаддаг гэсэн үг.
Мөн муурын биеийн бүтэц нь уналтыг даахад тусалдаг. Нуруу нь маш уян, хөл нь доргилтыг шингээх чадвартай. Унахдаа хөл, биеэ дэлгэж, агаарт хурд сааруулдаг нь нэг төрлийн “байгалийн шүхэр” мэт үйлчилдэг аж.
Сонирхолтой нь, унах өндөр хүртэл нөлөөтэй. Хэт нам өндрөөс унахад муур биеэ зөв эргүүлж амжихгүй байж болно. Харин арай өндөр зайд унах үедээ зөв байрлалаа олж амжих магадлал нэмэгддэг гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ энэ нь “өндөр байх тусмаа аюулгүй” гэсэн үг огт биш.
Муур ямар ч тохиолдолд гэмтэх эрсдэлтэй хэвээр. Яс хугарах, дотор эрхтэн гэмтэх, хүнд тохиолдолд амь насанд аюул учрах ч боломжтой. Тиймээс “муур есөн амьтай” гэдэг нь бодит биш, харин зүйрлэл төдий ойлголт юм.
Эцэст нь хэлэхэд, муур унахдаа амьд үлдэх чадвар өндөр боловч бүрэн аюулгүй биш. Тиймээс гэрийн тэжээвэр муураа цонх, тагт зэрэг өндөр газраас хамгаалах нь эзний хамгийн чухал үүрэг хэвээр байна.
Чөлөөт бүс
Халимны сүү ууж болох уу?
“Амьтны сүү юм чинь ууж л таараа биз дээ?” гэж бодогдож байна уу? Тэгвэл жаахан сонирхоод үзье. Юуны өмнө, халимны сүү гэдэг чинь энгийн сүү биш аж. Үхрийн сүүтэй харьцуулахад хэд дахин илүү тослогтой, бараг л цөцгий, масло хоёрын дунд юм шиг өтгөн. Тэр бүү хэл усанд уусахгүй, харин шахагдаж гардаг гэвэл итгэх үү? Зулзагандаа зориулсан жинхэнэ “energy drink” гэсэн үг.
Гэхдээ эндээс л сонирхолтой хэсэг эхэлнэ.
“За тэгээд нэг амсаад үзчихье” гэвэл тийм амар биш.
Халим бол зэрлэг, асар том амьтан. Далайд амьдардаг, барихад ч бэрх. Дээрээс нь дэлхий даяар хамгаалагдсан амьтны нэг тул International Whaling Commission зэрэг байгууллагууд агнах, барихыг хатуу хянадаг. Өөрөөр хэлбэл, сүүг нь авах гэж оролдох нь өөрөө асуудал дагуулна.
Тэгээд ч бодоод үз дээ… усан дотор халим “саана” гэдэг кинонд л гардаг ажил шүү дээ. Бодит амьдрал дээр ийм технологи ч, арга ч байхгүй.
Тэгэхээр дүгнэлт?
- ✔️ Онолын хувьд: амьтны сүү тул ууж болох мэт
- ❌ Бодит байдалд: боломжгүй шахуу
- 😂 Туршиж үзэх: бараг “mission impossible”
Халимны сүү тийм өтгөн байдаг нь зулзагыг усанд дулаацаж, хурдан өсөхөд нь туслах зориулалттай гэнэ. Байгаль хүртэл “premium nutrition” хийчихжээ
-
Үйл явдал2024/12/09
Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд
-
Үйл явдал2024/05/31
“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг болж байна
-
Дэлхий нийтээр..2021/01/10
Монгол ардын намын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ
-
Үйл явдал2023/05/30
Үс шинээр үргээлгэх буюу засуубал эрч, хүч ихсэнэ
