Үйл явдал
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2020.11.02/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
- Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимд;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 350 тоот өрөөнд;
- Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн ажлын хүрээнд 1990-2020 оны Монгол Улсын улс төрийн тогтолцоо, улс төрийн харилцааны зарим асуудлаар судалгаа хийж, аналитик тойм бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Их засаг” танхимд.
Үйл явдал
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.06.15/ болж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл солилцлоо.
Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын зохион байгуулалт, дэд бүтэц, тохижилтын ажлыг нэгдсэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, гадаад, дотоодын зочдыг хүлээн авах бэлтгэлийг сайтар хангах, салбар хороод уялдаагаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолт болон соёл урлагийн арга хэмжээний бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдах бөгөөд нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын уран бүтээл, тайзны найруулгын бэлтгэлийг ханган ажиллаж байгаа талаар Соёл урлагийн салбар хороо мэдээллээ.

Мөн үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдааны салбар хороод бэлтгэл ажлаа үе шаттайгаар хэрэгжүүлж, зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.
2026 оны Үндэсний их баяр наадам нь түүх, соёл, үндэсний өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ Дэлхийн адууны өдрийн хүрээнд монгол адууны өв соёл, үнэт зүйлсийг олон улсад таниулах онцлог ач холбогдолтой арга хэмжээ болох юм.
Үйл явдал
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхэлсэн. Энэ удаагийн сонсголд Авлигатай тэмцэх газраас “Нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүдтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй хэргийн талаар нийслэлийн хэмжээнд 2024 оноос хойш хийсэн авлига ашиг сонирхлын талаарх судалгаа авсан арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ.
Авлигтай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал мэдээлэлдээ тус газраас прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын талаар зарим мэдээллийг өгөх зөвшөөрөл олгоогүй тул мөрдөн байцаалтад саад болохгүй, бусдын нэр хэлэхгүйгээр тодорхой мэдээллийг өгнө гэдгийг онцлон тэмдэглэв.
Улсын Ерөнхий прокурорын тушаалаар 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр холбогдох гурван байгууллагаас хамтарсан ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажил явуулж байна. Туулын хурдны зам нэртэй 2,3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалт, санхүүжилт олгохдоо нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, “Шинэ тойрог” авто зам төслийн урьдчилсан ТЭЗҮ зураг, төсөв нэртэй 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер сонгон шалгаруулалт, “Сэлбэ” дэд төвийн орон сууц иж бүрэн цогцолбор хорооллын нийт 7 багц ажил зэрэг нийтийн тээврийн 6, автозамын салбарын 4, барилга, хот байгуулалтын дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл, хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11-д нь санхүүжилт олгогдоогүй, 13 төсөл нь хэрэгжиж эхэлж байгаа буюу тодорхой хувийн санхүүжилт олгосон төслүүдийг шалгаж байна гэв. Шалгалтын явцад төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан гээд одоогийн байдлаар найман хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан, гурван хүнийг цагдан хорьсон мэдээлэлтэй байна хэмээлээ.
Үргэлжлүүлэн тус газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон түүний харьяа байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтын тоон мэдээллийг хүргэсэн. Уг мэдээлэлд Авлигатай тэмцэх газраас 2024 онд нийслэлийн хэмжээнд томилогдохоор нэр дэвшсэн 1725 мэдүүлэг гаргагчийн урьдчилсан мэдүүлгийг хянасан байна. Үүнээс 80 мэдүүлэг гаргагч нь их хэмжээний өөрчлөлтийг хуулийн хугацаанд мэдүүлсэн.
Их хэмжээний өөрчлөлт гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 198 сая төгрөгөөс дээш хэмжээний өөрчлөлтийг мэдүүлсэн байна. 2025 онд нийт 821 нийтийн албан тушаалтныг хянасан. Үүнээс 693 албан тушаалтныг зөрчилгүй гэж үзсэн, 98 албан тушаалтанд томилогдвол зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдал байгааг анхааруулсан. Зургаан албан тушаалтныг илт зөрчилтэй гэдэг мэдээллийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн. 2026 онд нийт 310 албан тушаалтны хөрөнгө орлого ХАСХОМ-ийг хянаж, үүнээс 257 нь зөрчилгүй, 22-ыг анхааруулж, 3 албан тушаалтныг илт зөрчилтэй гэдэг мэдээллийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн гэв.
Үйл явдал
Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо. Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна.
Зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардууллаа.
Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор.
- 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
- 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах,
- 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,
- 2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
- 2020 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.
