Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Катрин Ивкоф дэлхий нийтийг хамраад байгаа Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудын хийж байгаа ажил үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглэв.
Канад Улсаас Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, эрдэс баялгаас олсон орлогыг үр ашигтай зарцуулах, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурдав. Тухайлбал, өнгөрөгч есдүгээр сард УИХ, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Төрийн албаны шинэтгэл-Ёс зүйн хандлага” сэдвийн хүрээнд гурван өдрийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Мөн Азийн сантай хамтран жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийн нэмэгдүүлэх нь” төслийг эхлүүлсэн талаар танилцууллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар ардчилал, парламентын засаглал, хүний эрхийг дээдлэх, хууль эрхзүйт ёсны зарчмыг хүндэтгэх зэрэг үнэт зүйлс нь манай хоёр улсын хамтын ажиллагааны үндэс суурь болж байгааг тэмдэглээд, Канад Улс нь хөрөнгө оруулалтыг дэмжих, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх замаар Монгол Улсыг тууштай дэмжиж хамтарч ажиллаж ирсэнд баяртай байдгаа илэрхийлэв.

Улсын Их Хурал, Засгийн газраас Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хууль эрх зүй, эдийн засгийн реформыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд 40 гаруй хуулийг батлах учиртай. Эхний ээлжид намрын чуулганаар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай болон Шүүхийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим систем, УИХ-ын албан хэрэгцээний өдөр тутмын цаасны хэрэглээг багасгахаар программ хангамж, системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө. Тодруулбал, хууль санаачлагч, төсөл боловсруулагчдад зориулсан lawmaker.parliament.mn, иргэд олон нийт хуулийн төсөлд санал өгөх, хэлэлцүүлэгт оролцох боломжийг бүрдүүлсэн lawforum.parliament.mn гэсэн үндсэн хоёр системийг нэвтрүүлж байгаа.
Түүнчлэн Улсын Их Хурлаас гадаад худалдааг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үр ашгийг нь дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, энэ талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна гэлээ.
Уулзалтын үеэр талууд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
-
Тод зураг2020/02/28
Австрали улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
-
Дэлхий нийтээр..2025/12/08
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
-
Үйл явдал2021/12/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
-
Дэлхий нийтээр..2023/11/09
Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ оны III улиралд 23,5 тэрбум төгрөгийн цэвэр ашиг...
