Дэлхий нийтээр..
“Goldman Sachs” групп авлигын хэргээс болж шагналт цалингаа танав
“Goldman Sachs” групп нь авлигын сүлжээнд оролцсоныхоо төлөө шүүн таслах үйл ажиллагааг хойшлуулах гэрээний дагуу АНУ-ын Хууль зүйн яам болон Англи, Сингапурын засгийн газрын байгууллагуудад 2.9 тэрбум ам.доллар төлөхөөр болсон талаар CFO мэдээлсэн байна.
*Deferred Prosecution Agreement (DPA) – Шүүх үйл ажиллагааны практикт шүүгдэгчтэй прокурорын зүгээс хэд хэдэн нөхцөлийг биелүүлэхээр тохиролцох, үүний хариуд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацааг хойшлуулах зөвшөөрөл олгодог гэрээ юм. Шүүхийн үйл ажиллагааны авлига, залилан зэрэг эдийн засгийн шинжтэй гэмт хэргүүдэд өргөнөөр ашигладаг байна.
Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк авлигын хэрэгт холбогдсон: Гадны бизнес портал дээрх схэмд авлига өгч, Малайз, Абу Дабид тодорхой чиглэлээр бизнес эрхлэх боломж олж авсан талаар мэдээлж байна. Уг үйл ажиллагааны тодорхой жишээ нь Малайзын 1MDB сангийн 6.5 тэрбум ам.долларын өртөгтэй андеррайтеринг үйлчилгээ юм.
2018 оны сонгуульд ялагдал хүлээсэн Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак нийтдээ 42 төрлийн эрүүгийн хэрэгт буруутгагдсан талаар CFO нийтэлжээ. Энэ хэрэгт 2005-2008 онд Бүгд найрамдах үндэсний хорооны санхүү эрхэлсэн даргаар ажиллаж байсан Америкийн бизнесмэн Эллиот Бройди холбогджээ. Түүнийг хаана байдаг нь үл мэдэгдэх “авлигын сүлжээний тархи” гэгдэх Джо Лоугийн эсрэг үүсгэсэн мөрдөн шалгах үйл ажиллагааг зогсоох зорилгоор Трампын захиргаанд хууль бусаар авлига өгсөн хэрэгт буруутгажээ. Түүний нэрийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ)-аас саяхан ил болгосон байна.
Нью-Иоркийн Зүүн тойргийн холбооны тойргийн шүүхээс Goldman Sachs-ын Малайз дахь төлөөлөгчийн газрыг “Гадаад дахь авлигын эсрэг хууль”-ийг зөрчсөн хэргээр буруутгасан. Мөн Goldman Sachs-ын зүүн өмнөд Азийг хариуцсан захирал асан Тим Лейсснер, Хөрөнгө оруулалтын банкны Малайз дахь салбарын тэргүүн Роджер Энг нарын мөнгө угаасан нь тогтоогджээ.
Банк гүйцэтгэх захирал Дэвид Соломон, гүйцэтгэх захирал асан Ллойд Бланкфэйн болон бусад удирдах албан тушаалтнуудад өгөхөөр амласан олон саяар хэмжигдэх шагналт цалинг эргүүлэн татахаар болсон байна. Уг шагналт цалингийн хэмжээ 174 сая ам.доллар байжээ.
Эх сурвалж: gaap.ru
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Дэлхий нийтээр..2024/06/14
Налайх, Багануур, Багахангайн иргэд МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-О...
-
Дэлхий нийтээр..2022/03/23
Гашуунсухайт боомтоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг дөрөвдүгээр сарын...
-
Дэлхий нийтээр..2021/06/18
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүнд...
-
Дэлхий нийтээр..2025/08/13
Хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааны байрш...
