Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

С.Батболд: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

-Коронавирусийн тахлыг дагаад эдийн засгийн идэвхжилтийг сэргээх асуудал хурцаар тавигдаж эхэллээ. 2008-2009 оны эдийн засгийн хямралыг давж чадсан Засгийн газрын тэргүүний хувьд өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

-Тэр үетэй харьцуулах юм бол хэд дахин илүү хүнд нөхцөл байдалтай улс орон, дэлхий ертөнц тулгарч байна. Энэ хүнд хэцүү үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг хамгаалахаас гадна нийтэд хүртээмжтэй, үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж чадаж байна. Жижиг, дунд болон ер нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг эрсдэл багатай хувилбараар сэргээн дэмжих шийдлүүдийг хэрэгжүүлэх асуудлыг УИХ, Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна, цаашид ч энэ тал дээр илүү их хүч хаяж ажиллах ёстой. Тухайн үед Оюутолгой, Тавантолгойн төслүүдийг шинээр эхлүүлэх нь өөрөө маш том хүчин зүйл болж байсан бол одоо ч мөн адил боловсруулах үйлдвэр, барилгажилт, дэд бүтцийн томоохон бусад төслийг идэвхжүүлэх нь чухал. Үүнд Засгийн газраас анхаарал хандуулан ажиллаж байгаа нь зөв. Энэ хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулж, улам үр ашигтай, мэдлэг боловсролтой залуу боловсон хүчнээр удирдуулсан хувийн хэвшлийн ирээдүй илүү хүчирхэг болно гэдэгт итгэж байна.

 

-Тавантолгойн төсөл гэж та сая дурдлаа. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн 10 жилийн ой болж байна. Тавантолгойн орд газрын талаар чухал шийдвэрүүдийг та гаргаж байсныг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байх?

-Тиймээ, 1998 онд бизнесийн салбарт байхдаа эзэмших эрхийг нь авч байсан Тавантолгойн ордын лицензийг бид төрдөө өгсөн.

Дараа нь Ерөнхий сайд байхдаа 2012 онд 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт өгөх шийдвэрийг гаргасан. Хувьцаа эзэмшиж буй иргэн бүр өнгөрсөн жил ногдол ашгаа авсан нь монголчууд эх орныхоо байгалийн баялгаас шууд ашиг хүртсэн анхны тохиолдол болсон. Мөн манай Засгийн газрын үед 2012 оныг дуустал Монгол Улсын иргэн бүр “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг,Тавантолгойн хувьцаа, ахмадын нэг сая төгрөг, оюутны сургалтын хоёр удаагийн төлбөр нэг сая төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлбөр, сар бүр 21 мянган төгрөг зэрэг хэлбэрээр энэ ордын үр шимийг хүртэж байлаа.

-Тавантолгойн ордын өнөөдрийн болон цаашдын ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

-Тавантолгойн орд газар өнөөдөр Монгол Улсын эдийн засаг болон нийгмийн амин чухал төсөл болтлоо өргөжиж тэллээ. Шууд 2000 орчим ажлын байран дээр нэмээд шууд бусаар 20 мянга гаруй ажлын байр бий болгож, мянга мянган монгол гэр бүл амьдралаа авч явж байна. “ЭрдэнэсТавантолгой” компани цалин тэтгэврээс эхлээд бүх зүйлийг санхүүжүүлж, улсын төсвийн орлогын томоохон хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ хүнд хэцүү үед монгол гэр бүл болгон үр хүүхдэдээ зарцуулж байгаа мөнгийг ч энэ ордоос төр засаг “хүүхдийн мөнгө” хэлбэрээр олгож шударга ёсны хамгийн бодит бөгөөд тод илрэл нь энэ орд болж байна. Тавантолгойн орд цаашид ч том төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж бизнес идэвхжилтийг сэргээх үндсэн хэрэгсэл болох эдийн засгийн ач холбогдолтой. Гэхдээ том хөгжлийн ач холбогдол үүнээс ч өргөн байх учиртай.

-Том хөгжил гэдгийг тодруулбал?

-Хамгийн гол нь Монголын ард түмнийг дундаж давхаргын амьдралын түвшин рүү хөтлөх боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог санхүүжүүлэх нь чухал. Ард түмний өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээх идэвх санаачилга нь олон улсын стандартын боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн тогтолцооноос эхлэх ёстой. Мөн ард түмний энэ идэвх санаачилгыг дэмжсэн татварын дарамт багатай, зээл нь хүртээмжтэй, хүү нь бага бизнесийг дэмжих тогтолцооны нэг багана нь болох учиртай юм. Үүний зэрэгцээ ардчилсан Монгол Улсад иргэн хүн айдасгүйгээр өөрийгөө илэрхийлэн илүү эрх чөлөөтэй амьдрах бие даасан тусгаар төрийн дархлааг баталгаажуулах, товчхондоо, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн бие даасан байдал, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болох ёстой юм.

-Манай сонины 100 жилийн ойн тусгай дугаарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой улстөрчдийн нэрсийг зарлахад таны нэр орсон байсан. Энэ тухайд таны хувийн байр суурийг сонсъё?

-МАН 100 жилийн түүхтэй, боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний нэр хүнд бүхий олон улстөрч бий. Намайг намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж, хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна.

-Та амжилттай яваа улстөрч, бас Монголын томоохон компанийг босгосон хүн. Өөрийн амжилтыг товч дүгнэвэл юу хэлэхсэн бол?

-Би өнгөрсөн 20 гаруй жил улс төрийн тавцанд ажиллах хугацаандаа ардчилал, хүний эрх, хөгжил нь хамгийн чухал үнэт зүйл гэсэн зарчим баримталж ирсэн. Эв нэгдлийг хангаж, дэвшилтэт үзэл бодлыг чиг баримжаа болгон ажиллаж ирсэн. Үүний жишээ гэвэл, гаднынханд зарж үрэлгүйгээр Тавантолгойн орд газрыг ашиглах лицензийг төрдөө буцаан өгч, ард түмний өмч болгосон. Боловсролын салбар, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг эхлүүлсэн туршлага надад бий. Миний удирдаж байсан хамтарсан Засгийн газрын үед Монголын эдийн засаг түүхэнд хамгийн өндөр буюу 17.5 хувийн өсөлт үзүүлж, дээд амжилт тогтоож байлаа. Ядуурал анх удаа хоёр оронтой тоогоор буурч, айл өрхийн орлого бараг хоёр дахин нэмэгдсэн. Энэ бол үг биш статистикийн бодит тоо баримт. Тоо худлаа ярьдаггүй. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газар коронавирусийн цар тахал дэгдэхээс өмнө 2012-2016 оны хооронд “шаланд унасан” байсан эдийн засгийн өсөлтийг хурдасгаж чадсан. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан өндөр өсөлтийн үеэ сэргээж эхэлсэн. Цар тахлын үе дуусаж ойрын ирээдүйд ийм боломжоо хэрэгжүүлж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Би хувь хүний хувьд улс төрд орохоосоо өмнө буюу 1990 оноос бизнес хийсэн. Олон салбарт хүч үзэж, их ч хөдөлмөрлөсөн. Миний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүд одоо 3000 гаруй ажлын байр бий болгож, улсад хэдэн арван тэрбумын татвар төлж байна. Товчхондоо ийм л юм.

-Сүүлийн үед таны тухай хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарах боллоо. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдээлэлтэй холбоотой гэж бодож байна уу. Жишээлбэл, таныг Оюутолгойн гэрээг байгуулахад нөлөөлж, зээлийн хүүг бууруулсан хэмээн буруутгасан мэдээлэл гараад байна л даа?

-Монголын улстөрчдийн талаар зохион байгуулалттай харлуулсан мэдээлэл гарах бүрд цаана нь нэг далд санаа дагалдаж байдаг нь нууц биш болсон. Жишээ нь, би Ерөнхий сайдаар томилогдоод 2011 онд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулах өөрчлөлтийг гэрээнд оруулснаар Монголын тал олон зуун сая ам.долларын төлбөрөөс чөлөөлөгдсөн. Анх энэ гэрээг байгуулснаас хойш Монголын тал ашигтайгаар өөрчлөлт оруулсан ганцхан тохиолдол нь энэ юм. Олны нүдэнд илт, тоо баримтаар нотлогдсон үнэнийг мушгин гуйвуулна гэдэг нь улс төрийн зорилгоор, хүний санаанд оромгүй гүтгэлэг зохиож байгаагийн илрэл. Зөвхөн энэ удаад ч биш.

Сүүлийн 20 жил би элдвээр хэлүүлсэн. Харин би ажлаа сайн хийх нь л чухал, “…жингийн цуваа явж л байдаг” гэдэг зарчмаар хандаж, тайлбар няцаалтыг тэр болгон хийж байгаагүй нь өрөөсгөл байжээ л гэж боддог.

-Бас Оюутолгойн татварыг бууруулсан гэх асуудлыг ч тантай холбодог шүү дээ?

-Ямар ч ор үндэслэлгүй гүтгэлгийн бас нэг туйл. Миний удирдсан Засгийн газар Нидерланд, Люксембүрг зэрэг улстай байгуулсан давхар татварын хэлэлцээрийг цуцлах асуудлыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн. Ингэснээр Оюутолгойн төслөөс Монголын талын авах татварын хэмжээ 0-10 хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлж, олон зуун сая ам.доллараар татварын орлого өссөн. Манай Засгийн газар Оюутолгойгоос авах татварыг бууруулах биш нэмсэн гэдэгтэй маргах ямар ч аргагүй бодит үнэн юм.

-Тэгвэл ямар зорилгоор ийм зүйл зохиож байна гэж та бодож байна вэ?

-Бодит баримтыг санаатайгаар гуйвуулсан мэдээ гадаадад гаргуулаад байгаа нь татвар нэмж, зээлийн хүүг бууруулсан бодлогыг нь эсэргүүцээд байгаа юм уу гэсэн хардлага төрүүлж байгаа. Улс төрийн зорилгоор гүтгэлэг зохиож байгаа нь тодорхой. Гэхдээ яг Оюутолгойтой холбоотой, хэнд ч ойлгомжтой асуудлыг гуйвуулж, надад нялзаах гээд байгаа зорилгыг би ойлгохгүй байгаа. Дотоодод иргэний шүүхэд үүсгэсэн иргэний маргаан нь “маш нууц” гэсэн тэмдэгтэй учраас тэнд бас ямар детектив зохиол бичиж гүтгэх гэж байгааг нь ч мэдэхгүй л байна.

“АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ХӨГЖИЛ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ”

-Маш нууц иргэний маргаан гэж байдаг хэрэг үү?

-Дотоодын шүүхэд өгсөн материалаа “маш нууц” зэрэглэлд оруулчихсан юм байна лээ. Ер нь иргэний маргааныг оролцогчдоос нь нуугаад төрийн маш нууцад хамруулаад үзье гэхээр үзүүлэхгүй, хоёр сар орчим явна гэдэг нь хуулийн ямар бүдүүлэг зөрчил вэ. Маргааны материалуудтай танилцахгүй бол өмгөөлөгчид өмгөөллөө яаж хийх вэ. Тэгсэн хэрнээ түүнийгээ гаднын өмгөөлөгчид болохоор маш нууцаас гаргалгүй өгч байгаа нь ямар ноцтой ялгаварлан гадуурхалт вэ. Илт үндэслэлгүй, хуулийн маргаан үүсгэх шалгууруудыг огт хангаагүй нэхэмжлэл гаргачихаад үүнийгээ нуугаад байгаа юм уу. Би төрд олон жил зүтгэж буй хүн, эрх биш төрийн нууцад юу хамаарах эсэхийг ялгана шүү дээ. Энэ асуудлаар зохих хуулийн байгууллагад нь хандаж байгаа.

-Таныг гадаадад байр, өмчтэй хөрөнгөтэй гэх мэдээлэл байсхийгээд л гарах юм?

-Би энэ талаар саяхан хэвлэлд ярилцлага өгсөн. Надад оффшорт данс, мөнгө, байр ч байхгүй. Хэн нь зөв, хэн нь буруутай болохыг манай шүүх үнэн зөвөөр тогтооно гэдэгт итгэлтэй байна. Эхнээсээ үнэн ялж, Нью-Иоркийн шүүх энэ маргаанд дурдагдаад байгаа Солонгосын бизнесмэнийн өмч хөрөнгийг царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч гэх хуулийн компани нь гаргасан гомдлоосоо миний нэрийг татсан байна лээ.

-Гадаадад таны эсрэг зохион байгуулалттай ажиллагаа явуулж байна гэж үзэж байна уу?

-Би хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлтэн гаднын ашгийн төлөө хувийн байгууллагад иргэнээ захиалан мөрдөж, тагнаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрөөд байгаа. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед гадаад хэл дээр “хэргийн материал” гэх гүтгэлэг ирж, түүнийг нь Монголд үг дуугүй гүйцэтгэж байсан “Лхүмбийн хэрэг” шиг юм болж байгаа юм биш үү. Миний хувьд, энэ эрээ цээргүй ажиллагаандаа миний гэр бүл, үр хүүхдийг оролцуулан гүтгэн доромжилж байгаатай хэзээ ч эвлэрэхгүй. Хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа, гүйцэтгэх ажлын хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулах болно. Гаднын хувийн детектив компанийг хөлсөлсөн энэ их мөнгийг хаанаас, ямар зориулалтын хөрөнгөнөөс, хэний захиалга, даалгавраар гаргасныг хуулийн байгууллагууд шалгах ёстой. Би энэхүү гүжир гүтгэлэгтэй хатуу тэмцэх болно. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг ухаант ардын үг байдаг даа. Ярилцлагын төгсгөлд, нийт Монголчууддаа гарч буй 2021 ондоо болон Ардын хувьсгалын 100 жилийн ойгоороо цар тахлын аюулаас ангижирч, эдийн засаг нь тогтворжин өсөж, ардчилал, хүний эрх, эрх зүйт төрөө дээдэлсэн хөгжил дэвшлийн шинэ зууныг амжилттай эхлүүлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Хэн юу хэлэв...2026/09/03

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна...

Үйл явдал2026/09/03

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй б...

Үйл явдал2026/09/03

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүү...

Үйл явдал2026/09/03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Үйл явдал2026/09/03

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/09/03

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал2026/09/03

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/09/02

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Үйл явдал2026/09/02

Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд з...

Үйл явдал2026/09/02

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцо...

Үйл явдал2026/09/02

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/09/02

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга У...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэ...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ...

Үйл явдал2026/09/02

Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно...

Үйл явдал2026/09/02

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй б...

Үйл явдал2026/09/01

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашигл...

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Үйл явдал2026/09/01

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Үйл явдал2026/09/01

Сэрэмжлүүлэг: Баавгайнаас болгоомжил

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Үйл явдал2026/08/31

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Үйл явдал2026/08/31

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Үйл явдал2026/08/31

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Үйл явдал2026/08/31

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Үйл явдал2026/08/31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Үйл явдал2026/08/31

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Санал болгох