Дэлхий нийтээр..
5000 орчим тонн тусламжийн тэжээл хүргэгдээд байна
ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгээс 5.0 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэж, мал өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сумдын болон отроор явж байгаа малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил үргэлжилж байна.
Зудын эрсдэлтэй аймгуудын малчин өрх, малын тооны судалгаа гаргуулах талаар Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран ажиллаж, 5 аймаг, 74 сумын 45,750 мянган малчин өрхийн 19,246.583 толгой малд тусламж үзүүлэхэд нэг малчин өрхөд 301,547 төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлэх тооцоо гарсан. Тусламжид хамрагдах малчин өрхийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа 2019 оны мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын статистикийн дүн мэдээг үндэслэл болгосон.
2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тэжээл тээвэрлэлт Өвөрхангай аймагт 1,348,320 кг буюу 32 хувь, Баянхонгор аймагт 877,530 кг буюу 28 хувийн гүйцэтгэлтэй, Говь-Алтай аймагт 630,580 кг буюу 57 хувийн гүйцэтгэлтэй, Өмнөговь аймагт 999,150 кг буюу 96 хувийн, Дундговь аймагт 936,000 кг буюу 50 хувийн гүйцэтгэлтэй, нийт тэжээл түгээлт 4,791,580 кг буюу 41 хувийн гүйцэтгэлтэй байна. Гурил тэжээлийн үйлдвэрүүд үлдэгдэл 7,663.78 тонн тэжээлийг 3 дугаар сарын 15-ны дотор үйлдвэрлэж дуусгах шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ажлын хэсэг ажлыг зохион байгуулах төлөвлөгөөнд заасан хугацаанд буюу энэ оны 4 дүгээр сарын 1-ний дотор холбогдох аймгуудын малчин өрх бүрд тэжээл олгох ажлыг зохион байгуулна.
Малчин өрхүүдэд тэжээлийн тусламжийг хүргүүлэх, хуваарилах, хянах зорилгоор хяналт мэдээллийн системийг хөгжүүлэн Android, IOS–д болон вебд суурилсан программ хангамж бүхий “Тэжээл” аппликэйшнийг ажиллуулж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг зургаадугаар сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд...
-
Дэлхий нийтээр..2019/08/13
Налайхын 20.9 км авто замын ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
-
Тод зураг2020/05/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2021/06/02
Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахи...
