Тод мэдээ
Хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй зөвшилцөх уулзалтууд хийж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны "МОН 901" төслийн багтай хамтран ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор баталсан “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангаж хамтран ажиллах чиглэлээр томоохон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай зөвшилцөх уулзалтуудыг хийж байна.
Уулзалтанд ЭМДЕГ-ийн дарга Л.Бямбасүрэн, Дэд дарга Г.Гийхнаран, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Азийн хөгжлийн банкны "МОН 9701" төслийн зөвлөх багийнхан оролцож томоохон хувийн эмнэлгүүдийн удирдлагын багтай хамтран шинэчилсэн журмыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг ярилцаж, цаашид хэрхэн асуудлыг хамтарч шийдвэрлэх асуудлаар ярилцаж, санал солилцож хамтарсан шийдэлд хүрч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Сонгдо, Интермед, Грандмед, Гурван гал, Мөнгөнгүүр, ЭМЖЖ зэрэг эмнэлгүүдийн удирдлагын багийг урьж ирүүлэн зөвшилцөх уулзалт хийгээд байгаа бөгөөд цаашид хувийн хэвшлийн бусад эмнэлгүүдтэй энэхүү уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгасан бөгөөд холбогч тавцан, багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
Ажлын явцын талаар “Моннис Инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Төслийн хүрээнд хийх нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан багана суурийг байрлуулсны дараа шон суурь металл хийцийн угсралтын ажлыг эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар голын ай савд байрлах багана сууриуд цутгалт авахад бэлэн болсон. Цутгалт авснаас хойш бетоны бэхжилт 70 хувьд хүрэхэд дээд талын металл хийц угсралтын ажил эхлэх юм. Ийнхүү ирэх наймдугаар сард багтаан бүх суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.
Бүтээн байгуулалтын ажилд 70 гаруй инженер, текникийн ажилтан дүүжин замын тээврийн трасс дагуу 21 байршилд ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард бүрэн дуусгаж, ирэх оны II улиралд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгааг тэрбээр онцоллоо.
Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байх бөгөөд нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.
Тод мэдээ
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш нээнэ
Нарны гүүрний баруун талын туслах замаас Улаанбаатар төмөр замын төв вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх 0.73 км авто замын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
Зорчих хэсгийн хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 6-ны 06:00 цагаас нээнэ.
Уг ажлын гүйцэтгэгчээр “Гоц тех инженеринг” ХХК ажиллаж байгаа бөгөөд нийт 35 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 20 самосвал, 8 машин механизмаар уг ажлыг гүйцэтгэж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хатуу хучилттай авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, БГД-ийн багц хоёр ажлын хүрээнд нийт дөрвөн байршилд засвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ талаар НЗХГ-ын Авто зам, замын байгууламжийн хяналтын мэргэжилтэн З.Доржбатаас тодрууллаа.
Тэрбээр “Багц хоёр ажлын дөрөв дэх байршил буюу БГД-ийн 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна. Нарны гүүрний баруун талын туслах гудамж замаас УБТЗ-ын автобусны эцсийн зогсоол буюу вокзалын автобусны буудал хүртэлх 0.73км авто замын засвар шинэчлэлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Замын зорчих хэсгийг энэ сарын 4-ний 23 цагт хаасан бөгөөд маргааш буюу сарын 6-ны өглөө 06 цагт нээнэ. Засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн өргөнийг 6.5 метр, явган замыг 2.5-аас 1.8 метрийн өргөн болгох ба авто зам, явган хүний замыг төмөр шонгоор тусгаарлана. Мөн долоон байршилд дагуу чиглэлтэй зогсоол, гурван байршилд шингээх худаг шинээр хийж байна” гэлээ.
Тод мэдээ
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит болголоо.
Одоогоос 44 жилийн тэртээ Монгол хэмээх нэрийг ертөнцийн сонорт дуурьсгасан нэгэн үйл явдал тохиосон нь Монгол хүн сансрын уудамд, огторгуйн орон зайд дүүлэн ниссэн явдал юм. Зэвсэгт хүчний 337 дугаар анги нь сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн амьдрал, замналтай салшгүй холбоотой билээ.
Ж.Гүррагчаа баатар нь ардын армийн байлдагчаас Зэвсэгт хүчинтэй хувь заяагаа холбож, цэргийн нисэхийн инженер, эгэл жирийн офицероор амьдралынхаа гарааг эхлүүлжээ.
Цэрэг хүчний тэсвэр тэвчээр, мэргэжилдээ эзэн нь байх хөдөлмөр, зорилгодоо үнэнч, тууштай байхын үлгэр дуурайлал болсон Ж.Гүррагчаа баатар нь Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Штабын дарга, Командлагчийн орлогч, Улсын Байнгын онцгой комиссын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд зэрэг төр, цэргийн өндөр дээд, хариуцлагатай ажил албыг хашиж, цэргийн нисэх хүчин, Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжилд төдийгүй, улс нийгмийнхээ хөгжил цэцэглэлт, шинжлэх ухааны салбарт гарамгай гавьяа байгуулсан эрхэм юм.
Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар анги нь 1970 онд Монголын Ардын Армийн сөнөөгч авиацийн эскадриль нэртэйгээр анхлан байгуулагдаж, Ардын арми, Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн командлалын тэргүүний ангиар олонтоо шалгарч, төр засгийн шагнал хүртсэн анги юм.
-
Тод мэдээ2024/02/23
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх хамтарсан Ажлын хэ...
-
Өнөөдөр2019/11/28
Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдана
-
Тод мэдээ2024/10/24
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Тод мэдээ2021/05/04
Улсын төсвийг ковидын дараах эдийн засгаа сэрээн босгоход чиглүүлэх нь зүйтэй гэ...