Дэлхий нийтээр..
Коронавирусний эсрэг вакцин нь генд нөлөөлөхгүй
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийт 305 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 22 иргэн хандсанаас дөрвөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 18 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 119 буюу 39 хувийг машин ачилт, 53 буюу 17.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх дуудлага эзэлсэн байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа "Ковид-19"-тэй холбоотой асуултад хариулт өгье.
-"Ковид-19"-ийн халдвар аваад эдгэрсний дараах дархлаа болон вакцин хийлгэсний дараа үүсэх дархлаа хоёрын аль нь илүү удаан хугацаанд хамгаалах вэ?
-Халдвар аваад эдгэрсний дараах буюу байгалийн дархлаа нь хэр удаан хамгаалах вэ гэдэг нь өвчин бүрийн хувьд ялгаатай байдаг. Мөн хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Тиймээс коронавирус нь шинэ төрлийн вирус тул байгалийн дархлаа хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн үеийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн 90 хоногийн хугацаанд дахин халдвар авах магадлал маш бага байна гэж үзэж байгаа. Вакцин хийлгэсний дараа хэр удаан халдвараас хамгаалах вэ гэдгийг одоогоор бас хэлэх боломжгүй.
-Хүн амын хэдэн хувь нь вакцин хийлгэж байж сүргийн дархлаа тогтох вэ. Сүргийн дархлаа гэж юу вэ?
-Одоогоор эрдэмтэд хүн амын хэдэн хувь нь коронавирусний эсрэг вакцин хийлгэхэд энэ өвчний эсрэг сүргийн дархлаа тогтох вэ гэдгийг сайн судалж тогтоогоогүй байна. Сүргийн дархлаа гэдэг нь хүн амын ихэнх нь вакцинд хамрагдсанаар халдварт өвчин тархахад бэрхшээлтэй болж байгааг хэлдэг. Жишээлбэл, хэрэв та улаанбурхан, гахайн хавдар, улаанууд (УГУ/MMR) вакцины хоёр тунг авсан бол хүн амын дунд улаанбурхан өвчин гарч байвал та энэ өвчнөөр өвчлөхгүй бас өөр хүнд дамжуулахгүй. Халдварын гинжин хэлхээний энэхүү тасалдал нь өвчнийг үр дүнтэй зогсоох боломжийг бий болгоно. Хүн амын дундах сүргийн дархлаа нь шинэ төрсөн нярай, өндөр настан, дархлаа султай хүмүүс зэрэг халдварт өвчинд онцгой өртөмтгий хүмүүсийг хамгаалдаг. Гэхдээ энэхүү сүргийн дархлаа нь тухайн орон нутагт хангалттай тооны хүмүүс вакцин хийлгэсэн тохиолдолд л үр дүнгээ өгдөг. Вакцин хийлгэх шаардлагатай хүн амын эзлэх хувь нь тухайн өвчин хэр зэрэг халдварлаж байгаагаас хамаарч халдварт өвчин тус бүрд өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл, улаанбурхан өвчний эсрэг сүргийн дархлааг бий болгохын тулд хүн амын 95 хувь нь уг вакцинд хамрагдах шаардлагатай байдаг.
-Вакцин хийлгэхэд мөнгө төлөх үү?
-Монгол Улсын Засгийн газраас вакцины үнийг төлж байгаа бөгөөд вакциныг үнэ төлбөргүй.
-мРНХ вакцин хийлгэснээр ДНХ буюу генд ямар нэг өөрчлөлт орох уу?
-мРНХ (mRNA) нь уургийн жижигхэн хэсгийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэдгийг заагч юм. Тиймээс мРНХ нь хүний генийн материал болох ДНХ-г өөрчлөх боломжгүй юм. "Ковид-19"-ийн вакцинд байгаа мРНХ нь хүний генийн материал болох ДНХ байрладаг эсийн нуклеотидад нэвтэрч ордоггүй. Иймээс мРНХ нь ДНХ-г гэмтээх, нөлөөлөх боломжгүй юм.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Хэн юу хэлэв...2022/08/10
Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ
-
Дэлхий нийтээр..2021/02/04
Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгийн хүнсний багцыг хүл...
-
Үйл явдал2021/03/22
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
-
Үйл явдал2022/08/02
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
