Үйл явдал
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 9. Сумъяа гараг. хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шарагчих могой өдөр.
Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газарт очихбайшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн ирнэ хэмээжээ.
Үйл явдал
Агаарын тээврийн зорчигчдын тоо эхний хагас жилд 1.2 саяд хүрчээ
2026 оны эхний хагас жилд агаарын тээврээр 1.2 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 82.8 мянга буюу 8.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийт зорчигчийн 948.4 мянга буюу 82.5 хувь нь олон улсын, 201.7 мянга буюу 17.5 хувь нь орон нутгийн нислэгээр зорчжээ.
Олон улсын нислэгийн зорчигчдын тоогоор Улаанбаатар–Сөүл чиглэл тэргүүлж, 299.3 мянган хүн буюу нийт олон улсын зорчигчдын 31.6 хувийг эзэлсэн байна. Үүний дараа Бээжин чиглэлд 153.5 мянга, Токио чиглэлд 82.7 мянга, Истанбул чиглэлд 64.5 мянга, Хонгконг чиглэлд 51.7 мянган зорчигч зорчжээ.
Харин орон нутгийн нислэгийн зорчигчдын 81.6 хувь буюу 164.6 мянга нь Улаанбаатар–Оюутолгой чиглэлд зорчсон байна. Мөн Ховд, Өлгий, Мөрөн, Улиастай, Даланзадгад чиглэлүүд орон нутгийн хамгийн ачаалалтай нислэгүүдэд багтжээ.


Үйл явдал
Хуулиас давсан 83 дүрэм, журмыг хүчингүй болгожээ
Хууль зүй, дотоод хэргийн яам хуулиас давсан дүрэм, журмыг цэгцлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, ажлын явцыг хэлэлцэн холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгчээ. Мөн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрүүдийг салбар бүрээр нь судалж, хууль тогтоомжид нийцүүлэх зөвлөмж, удирдамж бүхий албан бичгийг 131 байгууллагад хүргүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм, журмыг хүчингүй болгож, хуульд нийцүүлжээ. Мөн 12 байгууллагын 28 дүрэм, журмыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа аж.
Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах, хуульд заагаагүй хязгаарлалтыг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор бизнесийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, журамд судалгаа, дүн шинжилгээ хийж, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөллийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран үнэлж эхэлжээ.
Мөн төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, тогтолцоог оновчтой болгох хүрээнд хийсэн судалгааны дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлсэн байна. Цаашид Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй 138 байгууллагын 2723 шийдвэрт дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яам мэдээллээ.
