Дэлхий нийтээр..
Дэлхийн мөнгө угаахтай тэмцэх хүчний дараагийн давалгаа
Нэмж гарсан зохицуулалт, геополитикийн өөрчлөлт, мэдээллийн хэрэглээтэй холбоотой мөнгөн торгууль зэрэг нь мөнгө угаахтай тэмцэх эрсдэлийн менежментийг авч хэрэгжүүлэхийг дэлхийн хэмжээний санхүүгийн байгууллагуудаас шаардах болсон.
Аливаа санхүүгийн байгууллагын хувьд оролцоо их байдаг. Дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй зохицуулалтын арга хэмжээний улмаас мөрдөн шалгалт нэмэгдэж, торгууль тавигдаж, лиценз цуцлагдаж, дээд түвшний удирдлага, зохицуулагчид огцрох гэх мэтээр гол хүмүүс биечлэн хариуцлага хүлээх болжээ.
Санхүүгийн байгууллагуудын мөнгө угаасан гэмт хэрэгт оногдуулсан торгуулийн өсөлт 2020 онд 14 тэрбум гаруй долларт хүрсэн байна. Дэлхийн янз бүрийн зохицуулах байгууллагууд хууль тогтоомжид томоохон өөрчлөлт оруулж байгаа нь санхүүгийн байгууллагуудын дарамтыг нэмэгдүүлж байна. Мөнгө угаахтай тэмцэх шинэ зохицуулалт нь Санхүүгийн үйл ажиллагааны ажлын хэсэг (ФАТФ) -аас гаргасан дэлхийн стандартад нийцэж байгаа.
Дэлхий нийт мөнгө угаахтай тэмцэхэд анхаарал хандуулж, санхүүгийн байгууллагууд давтан болон шинээр алдаа гаргасан тохиолдолд шийтгэл ногдуулсан хэвээр байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, торгуулийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Зохицуулалтыг өөрчлөхийн зэрэгцээ зохицуулалтанд тавигдах хяналтыг нэмэгдүүлснээр мөнгө угаахтай тэмцэх эрсдэлийн менежментийг сайжруулах шаардлага тулгарч байна.
АНУ-ын 2020 онд батлагдсан Мөнгө угаахтай тэмцэх тухай хууль нь тус улсын санхүүгийн байгууллагууд төдийгүй тэдний хамтрагчид, харилцагчдад шинэ эрин үеийг эхлүүллээ.
Шинээр мөрдөгдөж эхэлсэн энэхүү хууль нь 2001 онд батлагдсан Терроризмыг таслан зогсоох, хориглоход шаардагдах зохих арга хэмжээг хэрэгжүүлэн Америкийг нэгтгэн, хүчирхэгжүүлэх тухай 2 дахь хуулиас хойш мөнгө угаахтай тэмцэх ажилд хамгийн их нөлөө үзүүлж болзошгүй бөгөөд үүний үр дүнд Банкны нууцын тухай хуульд нэлээд шинэчлэлт хийсэн байна.
АНУ-ын Мөнгө угаахтай тэмцэх тухай хууль нь одоогоор үйлчилж байгаа холбогдох дүрэм, журамд ихээхэн өөрчлөлт оруулсан боловч дараах гурван гол өөрчлөлт байгаа бөгөөд эдгээр нь ирэх саруудад компаниудын дээд түвшний удирдлагын зүгээс анхаарал хандуулах асуудал болж байна. Үүнд:
- Мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн үйлдэлд ногдуулах шийтгэлийг чангатгах,
- Одоогийн мөнгө угаахтай тэмцэх мэдээлэгчийг идэвхжүүлэн, дэмжих,
- АНУ-ын зохицуулах байгуулага гадаадын санхүүгийн байгууллагуудаас баримт бичиг авах эрх мэдлийг нэмэгдүүлэх.
Европын Холбоо (ЕХ)-ны хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-ын зохицуулах байгууллагуудын санаачлага, оролцооны үр дүнд мөнгө угаасан хэргүүд, хууль сахиулах ажиллагааны тухайд нэлээд асуудалтай тулгарч байна. Европыг донсолгосон банкны янз бүрийн дуулианыг дагаад ЕХ бүс нутгийн хариу арга хэмжээг илүү нягт уялдуулж, хянахыг оролдож байна.
ЕХ 2021 онд Мөнгө угаахтай тэмцэх 6 дахь удирдамжийг нэвтрүүлснээр томоохон өөрчлөлтүүд гарах болно. Санхүүгийн байгууллагууд болон тэдгээрийн удирдах зөвлөл мөнгө угаахтай тэмцэх үр нөлөөтэй хяналт, тогтолцоог хангаагүйн улмаас анх удаа эрүүгийн хариуцлагад татагдаж болзошгүй юм. Гэхдээ ЕХ-ны хэмжээнд мөнгө угаахтай тэмцэх асуудлыг хянах ерөнхий зохицуулах байгууллага дутагдалтай байгаа тул санхүүгийн байгууллагууд өөр өөрсдийн улсын хууль тогтоомж, гишүүн орнуудын зохицуулагчдын янз бүрийн түвшинд боловсруулсан зохицуулалтын дунд зүг чигээ алдаж байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2024/07/31
УБ Сонгодо эмнэлгийн хойд талын авто замыг түр хааж, дулааны шугам шинэчилнэ
-
Дэлхий нийтээр..2021/02/18
Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ
-
Үйл явдал2023/04/17
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Үйл явдал2023/03/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
