Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч Х.Баттулгын Цэцэд нөлөөлөх оролдлогын үргэлжлэл
2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд буюу маргааш Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчтэй холбоотойгоор оруулсан заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд давхар оруулах шаардлагатай гэж үзсэн иргэн Т.Доржханд нарын мэдээллийг хэлэлцэх юм. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэн байх бөгөөд зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан. Уг өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга ба өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж мэдээлэл гаргагчид үзсэн юм. Үндсэн хуулийн судлаач төдийгүй хуульчид ч “Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.
АН-ын зарим гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, өөрийн талд шийдвэр гаргуулах зорилгоор П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МоАХ-ын С.Эрдэнэцогт нараар дамжуулан жагсаал цуглаан зохион байгуулахыг АН-ын гишүүдэд уриалж эхэлсэн талаарх мэдээлэл энэ сарын 13-нд цахим орчинд тархсан. Тэгвэл дээрх мэдээлэл хоёр хоногийн дараа буюу өнөөдөр батлагдлаа. Нэгдсэн загвар, хийц бүхий уриа лоозонгоор жигдэрсэн иргэд Зайсан толгойн урд цуглаж хөл хориог мөрдүүлж байсан цагдаагийн алба хаагчдад багагүй хүндрэл учрууллаа.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуулийн Цэцийн байранд хоёр ч удаа өөрийн биеэр очиж, УИХ дах АН-ын бүлгийн гишүүдийг ч мөн Цэцээс тайлбар шаардан очуулж байсан зэрэг үйлдэл нь Цэцэд удаа дараа нөлөөлөх гэсэн оролдлого гэж хуульчид тайлбарласан.
Иргэд хэдэн зуугаараа өвчилж, амь насаа алдагсдын тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаа энэ цаг үед Үндсэн хуулийн Цэцэд шахалт үзүүлэх гэсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан нь түүнийг Ерөнхийлөгч байх эрхтэй хүн мөн үү үгүй юу гэх эргэлзээг нийтэд бий болгоод байна.
Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно” гэж заахдаа өмнөх Ерөнхийлөгчид хоёр дахь удаагаа сонгогдохын тулд аль нэг нам эвсэлд үйлчилдэг, хууль шүүхийг ашигладаг, өрсөлдөгчөө намнадаг зэрэг үйлдлийг таслан зогсоохын тулд “зөвхөн нэг удаа сонгогдоно” хэмээн заасан байдаг.
Тэгвэл өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх зүйл заалтыг өөрчилсөн нь зөв болсны бодит жишээг өөрийн биеэр харуулж байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөрийгөө өрсөлдөгчгүйгээр АН-аас нэр дэвшүүлэх зүйл заалтын намын дүрэмд оруулж байгаа нь ил болсон төдийгүй энэ нь АН-ын хагарлыг эхлүүлсэн. Мөн түүний хэрэг наймаалцах гэсэн оролдлогыг АН-ын дарга С.Эрдэнэ дэлгэсэн зэрэг үйлдэл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг л удаа сонгох нь зөв гэдгийг улам бүр баталгаажуулж байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
Дэлхий нийтээр..
Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага АНУ-ын цэргийн бааз, цэргийн ажиллагаатай холбоотой мэдээлэл цуглуулсан байж болзошгүй Хятадын хоёр иргэнийг баривчилжээ. Тэд хоёулаа өмнө нь Хятадын армид алба хааж байсан талаар “Ассошиэйтед Пресс” мэдээлсэн байна.
Сэжигтнүүдийн нэг нь 60 гаруй настай бөгөөд 2024 оноос хойш Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан агаарын цэргийн баазын ойролцоо тусгай радио төхөөрөмж, антенн, зөөврийн компьютер ашиглан сөнөөгч онгоц болон нислэгийн удирдлагын хоорондын холбоог сонсож, мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэж мөрдөн шалгагчид үзэж байна. Тэрбээр үүнийг хувийн сонирхлын хүрээнд хийсэн гэж мэдүүлсэн ч цуглуулсан мэдээллээ Хятадын талд дамжуулсан эсэхийг шалгаж байгаа аж.
Харин 40 гаруй настай нөгөө иргэнийг Сөүл хотын ойролцоох АНУ-ын цэргийн командлалтай холбоотой мэдээлэл цуглуулсан хэрэгт сэжиглэжээ. Тэрбээр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт, зэвсэг техникийн шилжилт хөдөлгөөн болон цэргийн алба хаагчдын өөрчлөлтийн талаар мэдээлэл авсан байж болзошгүй байна.
Мөрдөн шалгалтын мэдээллээр уг сэжигтэн АНУ-ын цэргийн командлалд ажилладаг Өмнөд Солонгосын иргэнтэй хувийн харилцаа тогтоож, мөнгө өгсний хариуд тодорхой мэдээлэл авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр иргэнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн эсэхээр үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор тэднийг Хятадын төрийн байгууллагын шууд даалгавраар ажилласан гэж эцэслэн тогтоогоогүй байна.
Энэ хэрэг АНУ, Өмнөд Солонгосын жил бүрийн хамтарсан томоохон цэргийн сургуулилт наймдугаар сарын 17-27-нд болохын өмнө ил болсон юм. Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг оролцохоор төлөвлөжээ.
Дэлхий нийтээр..
Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө
Дэлхийн хүн дүрст роботын хоёр дахь спортын наадам наймдугаар сарын 22-нд Бээжин хотын Үндэсний хурдны тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз”-д нээлтээ хийнэ.
Үндсэн тэмцээн наймдугаар сарын 22-26-нд тав хоног үргэлжилж, 51 төрөлд нийт 1301 тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн наадам цар хүрээ, оролцогчдын тоогоор өмнөхөөсөө мэдэгдэхүйц өргөжиж байна. Зургаан тивийн 16 орны 666 баг, 2056 хүн дүрст робот тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Багийн тоо өмнөх наадмаас 138 хувиар өссөн бол тэмцээнд оролцох роботын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
АНУ, Герман, Япон зэрэг улс багуудаа илгээх бөгөөд Бразил улс энэ удаа үндэсний шигшээ баг бүрдүүлэн оролцох аж.
Хятадаас нийт 157 аж ахуйн нэгжийн 641 баг, 1975 робот тэмцээнд оролцоно. Мөн 27 их сургууль багуудаа илгээж байгаа бөгөөд оролцогчид Хятадын 30 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон тусгай захиргааны бүсийг төлөөлөх юм.
Өмнөх наадамтай харьцуулахад тэмцээний хугацааг гурван хоногоос тав хоног болгон сунгаж, тэмцээний ангиллыг зургаагаас ес болгон нэмэгдүүлжээ.
Наадмын хүрээнд хүн дүрст роботуудын хөдөлгөөний нарийвчлал, хурд, тэнцвэр, зохицуулалт, багийн ажиллагаа зэрэг технологийн чадавхыг спортын өрсөлдөөнөөр сорих юм. Ингэснээр уг наадам нь зөвхөн спортын тэмцээн бус, хүн дүрст роботын хөгжлийн түвшин, практик хэрэглээний боломжийг харуулах томоохон талбар болж байна.
-
Дэлхий нийтээр..2021/05/21
УОК: 0-17 насны хүүхдээс хот хооронд зорчиход КОВИД19-ын шинжилгээ хийлгэхийг ша...
-
Дэлхий нийтээр..2021/12/30
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат цол хүртээлээ
-
Дэлхий нийтээр..2023/04/06
Хаанбанк олон нийтэд үнэт цаасаа танилцуулж эхэллээ
-
Үйл явдал2025/03/25
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
