Тод мэдээ
Улсын дээд шүүхэд хязгаарлалт тогтоосон тул нийт шүүгчид цуглах боломжгүй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэдэгдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ.
Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид 4 дүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.
Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар
Тод мэдээ
Нийтийн албан тушаалтнуудын 2024 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг эхлүүллээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 12 дугаар сарын 30-наас 2025 оны 1 дүгээр сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 689 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 256 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 433 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 89 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 26 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системд улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын 2024 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг эхлүүллээ.
Тод мэдээ
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
Монгол Улсын Засгийн газраас “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан түүхий эд нийлүүлэх гэрээ дууссан, “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний түүхий эдийг шинэчлэх, өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаатай холбогдуулан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор үндсэн түүхий эдийг өөрчлөх талаар холбогдох судалгаанууд хийжээ. Тухайлбал, хагас коксон /хөх нүүрс/ шахмал түлш, “Эрдэнэс тавантолгой”-н ордын “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн шахмал түлш зэргийг судалсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулан угааж, баяжуулсан завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрсийг 2025 оны гуравдугаар сараас нийлүүлнэ.
Улаанбаатар хотын агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж түүхий нүүрс түлж байгаа уурын болон усан халаалтын нийт 276 зууханд технологийн шинэчлэл хийж хатуу түлшнээс хийн түлшинд шилжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжид холбох, тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Түүхий нүүрс түлж байгаа зуухуудад шинэчлэл хийж түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар агаарын бохирдлыг 13 хувиар бууруулна. Тухайлбал, 2025 онд дээрх зуухын 30 хувийг хийн түлшид шилжүүлэхээр ажиллаж байна.
Нийслэлийн агаарын бохирдлын 6 хувийг ДЦС-уудын яндангаас гарч байгаа утаа эзэлж байна. “Амгалан” дулааны станцаас бусад цахилгаан станцуудын зуух нь бүгд 1961-1990 онд суурилагдсан бөгөөд утааны шүүлтүүрүүд нь хуучирчээ. Ялангуяа, ДЦС-3 ТӨХК-ийн нойтон үнс баригчтай зуухуудын үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, ДЦС-2, ДЦС-3-ын шүүлтүүрийг цахилгаанд шилжүүлэх, солих санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Агаарын бохирдлын 30-аас доошгүй хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлж байна. Нийслэлд 804,656 автомашин бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах утаанд хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Улаанбаатар хотод 1278 автобус бүртгэлтэй, өдөрт 1128 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг. Эдгээр автобусны 84 хувь нь Евро-5 стандартын шатахуун ашигладаг. 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Мөн шинээр боловсруулсан Нийслэлийн агаарын бохирдлын хуулийн төслөөр холбогдох зохицуулалтуудыг хийхээр төлөвлөжээ.
Тод мэдээ
“Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын сургалт”-ыг зохион байгуулав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын сургалт”-ыг 2025 оны 1 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Цахим хэлбэрээр зохион байгуулсан уг сургалтад төрийн захиргааны төв болон салбар байгууллагын 2000 гаруй эрх бүхий албан тушаалтан оролцов. Сургалтад Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайхан нарын ажилтнууд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолыг танилцуулж, Мэдүүлгийн цахим системийн ашиглалт болон ХАСХОМ шинэчлэн бүртгүүлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэх, тайлбарлах, ХАСУМ гаргахад анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Түүнчлэн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, нэрсийн жагсаалт, мэдүүлгийн мэдээ, тайланг нэгтгэн гаргах талаар арга зүйн заавар зөвлөгөө өглөө.
Энэ жилийн хувьд нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ шинэчилсэн маягтын дагуу гаргах шаардлагатай болсон тул Авлигатай тэмцэх газраас нэгдсэн арга зүй, заавар зөвлөгөө өгөх сургалтыг улсын хэмжээнд тасралтгүй зохион байгуулж байна.
-
Тод мэдээ2021/10/29
Сайжруулсан түлшний хэрэглээ гурав дахин өсжээ
-
Өнөөдөр2021/04/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2020/12/25
Бичил уурхайгаа хаяад уул уурхай хөгжсөн түүхтэй улс орон байдаггүй
-
Өнөөдөр2024/07/24
Нидерландын Олон улсын харилцааны Клингендал академийн захирлыг хүлээн авч уулза...