Дэлхий нийтээр..
Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын “BGF Retial” ХХК нь хамтран “Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, “BGF Retial” ХХК-ийн удирдлагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээ цахимаар болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ж.Сандагсүрэн, БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дарга Кей Чёл И, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенз, “BGF Retial” ХХК-ийн дарга Кён Жун И нар болон албаныхан оролцлоо.
Улаанбаатар хот гэр хорооллын 40 мянган өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион бүтээж, нэвтрүүлсэн монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц нь үнэ өртгийн хувьд хямд, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй шийдэл. CHIP багцыг худалдан авах санхүүгийн боломжгүй, эмзэг бүлгийн айл өрхөд дээрх дэмжлэгийг үзүүлнэ. CHIP үйлдвэрлэгч болон худалдан авах айл өрхүүдэд зориулсан санхүүжилт, ногоон зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж, орон нутагт ногоон ажлын байрыг бий болгон, тогтвортой үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. CHIP-ийг хэрэглэснээр өрхийн амьдралын чанар сайжирч, гэрийн дотор дулаан орчныг бүрдүүлж, хог хаягдлын хэмжээ буурч, хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл буурахад хувь нэмэр оруулах юм. Мөн иргэдийн эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг нэмэгдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа аж.

Нийслэлийн хүн амын 50.7 хувь нь инженерийн дэд бүтэцгүй сууцанд амьдарч байгаа бөгөөд агаарын бохирдлын 56 хувийг гэр хороолол болон халаалтын зуух, 20 хувийг автомашин, 10 хувийг цахилгаан станц, 14 хувь нь бусад эх үүсвэрээс үүдэлтэй байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2020/11/06
"Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний баг...
-
Үйл явдал2019/09/10
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
-
Дэлхий нийтээр..2021/07/08
Цахим визийн систем нэвтрүүллээ
-
Үйл явдал2025/12/18
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
