Үйл явдал
Ерөнхийлөгч Х.Баттулга "Русские Витязи" багийн уран нислэгийн үзүүлэх тоглолтыг үзэж сонирхов
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ОХУ-ын агаар, сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолт энэ сарын 28-ны өдөр Хүй долоон худагт болж өнгөрлөө.
Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга үзэж сонирхов.
Төрийн тэргүүнийг ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко нарын төлөөлөгчид угтаж, Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр ОХУ-ын агаар, сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

ОХУ-ын агаар, сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийнхан СУ-30СМ сөнөөгч онгоцоор агаарт уран нислэг хийж үзүүлсэн бөгөөд энэхүү онгоц нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай, амдан сөнөөгч онгоц юм байна.
Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаярын хэлснээр өндөр ур чадвар, техник шаардсан хүнд үзүүлбэрүүдийг ОХУ-ын нисэгчид сайн гүйцэтгэсэн бөгөөд үхлийн гогцоо хэмээх бүтэн тойргоор эргэлдэх үзүүлбэрийг хийсэн нь хамгийн хүнддээ тооцогддог байна.
Энэхүү тийрэлтэт онгоц нь яндангийн хэлбэрээ өөрчилдөг тул огцом эргэлт, өндөр хурдаас зогсолт хийх, эгц доош газар руу довтлох зэрэг хэцүү жолоодлогуудыг хийхэд дөхөм байдаг аж.












Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Дэлхий нийтээр..2024/05/20
Вьетнам улсын шингэн хүнсний магнат найман жилийн хорих ял сонслоо
-
Дэлхий нийтээр..2023/04/12
“Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хэрэгжилтийн ...
-
Дэлхий нийтээр..2023/08/28
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 35.8 мянган сурагч элсэнэ
-
Тод зураг2020/01/13
Хотын захирагч С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдов
