Тод мэдээ
НББХ: УИХ-ын гишүүдээс гарсан саналыг үндэслэн УОК, Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр тогтов
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаа хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан маргааш болно. Коронавируст халдварын дэгдэлт эрчимтэй өсөж буй энэ үед салбарын сайдын мэдээлэл сонсох, тулгамдаж буй бэрхшээлийг арилгах, шаардлагатай бол Байнгын хорооноос Засгийн газар болон Улсын онцгой комисст чиглэл, зөвлөмж хүргүүлэх зорилгоор уг асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан гэдгийг танилцуулав.
Ингээд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.
Тэрбээр, Монгол Улсад КОВИД-19 бүртгэгдсэн байдал, нийт шинжилгээн дэх эерэг илрэлтийн эзлэх хувь, хариу арга хэмжээний төлөвлөлт ба стратеги зорилт, салбарын хийгдэж буй ажил, хүн амын вакцинжуулалт, дархлаажуулалтад хамрагдсан байдал, мөн цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулав.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг орон нутаг дахь халдварын голомтуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн цалин хөлс олгож буй эсэх, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хэрхэн хангаж буй талаар тодруулав. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, эмч, эмнэлгийн ажилтнуудад урамшууллыг олгож байгаа, өнгөрсөн нэг, хоёрдугаар саруудын урамшууллыг бүрэн олгосон, гурав, дөрөвдүгээр сарын олголт 80 хувьтай, мөн эрүүл мэндийн даатгалаас олгож эхлээд байна. Түргэн оношлуурын нийт 200 мянган ширхэгийн татан авалт хийж, орон нутагт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна гэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа сүүлийн өдрүүдэд халдварын тоо буурч байна гэсэн мэдээллийг ямар үндэслэлээр гаргаж байгаа, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буйг тодруулж, одоо байгаа ногоон хоёрхон аймгийг бүрэн вакцинжуулах талаар санал хэлэв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, тархалтын эрчим, тархалтын харьцуулсан судалгааг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн байгууллага хийдэг. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ачаалал их байгаа, өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Шүлсээр оношлох эхний 10,000 оношлуурыг холбогдох газруудад хүргүүлсэн.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, өдөр бүр ачаалалтай ажиллаж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудад талархал илэрхийлж, өдөрт нас барж буй өвчтөнүүдийн тоо өсөж буйд санаа зовж буйгаа илэрхийлэв. Тэрбээр Спутник вакцины нийлүүлэлт ирэх тавдугаар сард хийгдэнэ гэсэн, үүнд тодорхой хариулт авахыг хүсэв. Сайд С.Энхболд, нас баралтын дийлэнх суурь өвчтэй холбоотой, эдгээр хүмүүсийн шинжилгээ батлагдсан бөгөөд манайд задлан шинжилгээ хийх боломжгүй. Спутник вакцины нийлүүлэлт ирэх тавдугаар сард зохион байгуулагдана, тодорхой мэдээллийг Гадаад харилцаа болон Сангийн яам өгнө гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, П.Анужин, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Бейсен нар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалттай холбогдуулан тодруулга авч, тус салбарын сайд, нийт албан хаагчид сайн ажиллаж байгаа гэдгийг онцолж байв.
Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс тавьсан асуултад нэмэлт тодруулга хийв. Тэрбээр, Ковакс хөтөлбөрийн хүрээнд гэрээнүүд амжилттай хийгдэж, татан авалтын ажил явагдаж байгаа ба одоогоор хүндрэл бэрхшээл байхгүй. Ирэх зургадугаар сарын дундуур гэхэд нийт хүн амын зорилтот бүлгийн 60 хувьд хоёр дахь тунг хийж дуусна. Спутникийн хувьд татан авалт ирэх 7 хоногт хийгдэж эхлэнэ. Үүнд төсөв, хуваарийн зөрүүтэй ойлголт байхгүй гэлээ.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд тодруулга авч, саналаа хэлсэний дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг КОВИД-19 цар тахлын хүнд үед бүх нийтийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлж, Улсын Их Хурлын гишүүдээс гарсан саналыг үндэслэн Улсын онцгой комисс болон Засгийн газарт зөвлөмж хүргүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрбээр, КОВИД-19 цар тахлын үед нэн шаардлагатай тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг гүйцэтгэлээр нь бус тодорхой хугацаанд 100 хувь олгодог байх зохицуулалтыг хийх. Мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.32, Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3 дахь хэсгийг хэрэгжүүлж ажиллах, гүйцэтгэлд нь хяналт тавих зэрэг долоон чиглэлээр зөвлөмж хүргүүлэхээр тусгав.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг дагаж мөрдөх журмын талаар тодруулахад Байнгын хорооны дарга М.Оюунчимэг цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал нэгэнт хүлээн авсан тул дагаж мөрдөх журмыг боловсруулах шаардлагагүй гэсэн тайлбар хийв.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлт оруулахыг тусгасан байна.
1 дүгээр зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.6 дахь хэсэг нэмсүгэй:
“7.6.Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.”
2 дугаар зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 6.3 дахь хэсгийн “төрүүлсэн эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа “, эцэг” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “хүүхдийн” гэсний дараа “эцэг, эсхүл” гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Ингээд зүйл тус бүрийг хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувийн саналаар дэмжигдэв. Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тод мэдээ
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, Теле камерын хяналтын нэгдсэн төвийг 2024-2025 онд байгуулсан.
Энэхүү ухаалаг камерын системийг нэвтрүүлсний үр дүнд авто замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулж, оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан байна.
Тодруулбал “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ өдөр бүр замын хөдөлгөөний ачаалал хэвийн болох цагийг бүртгэж ажилладаг. Ухаалаг камерын систем нэвтрүүлэхээс өмнө буюу 2023, 2024 онд өглөөний оргил ачааллын цаг 10:30-11:30, өдөр 14:30-15:30, орой 21:30-22:30 цагт дунджаар бүртгэгддэг байсан. Харин ухаалаг камерын систем нэвтрүүлсний дараа оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан буюу оргил цагийн ачаалал 10:30-11:30, 13:30-14:30, 20:30-21:30 цаг хүртэл үргэлжилж байна. Энэ нь түгжрэлээс үүдсэн алдагдсан цаг хугацаа болон шатахуун хэмнэх зэргээр эдийн засгийн үр өгөөжийг тодорхой хувиар нэмэгдүүлж байна.
Тод мэдээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 111.587 бүртгэгджээ
Прокурорын байгууллага 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 116,887 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ.
Үүнээс эрх бүхий албан тушаалтан 114,342 буюу 97.8 хувийг газар дээр нь, 1514 буюу 1.3 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1031 буюу 0.9 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1101 шийдвэрийг хянаж, 47 буюу 4.3 хувийг хүчингүй болгон, зөрчлийн хэрэг нээж, 1 буюу 0.1 увийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 1 буюу 0.1 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 50 шийдвэрийг хянаж, 1 буюу 2 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 6 буюу 12 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн холбогдогчид хууль бус, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаж, тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар 1 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн байна.

Зөрчлийн улмаас нийт 1,104,954,100 төгрөгийн хохирол учирснаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 114,464,000, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 348,814,100 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 111,587 буюу 95.5 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1,690 буюу 1.4 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 684 буюу 0.6 хувь, Автотээврийн хууль зөрчих зөрчил 651 буюу 0.6 хувь, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг 1/2 алдагдуулах зөрчил 196 буюу 0.2 хувь, Хүний биед халдах зөрчил 154 буюу 0.1 хувь, Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 118 буюу 0.1 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Тод мэдээ
А.Энхжаргал: Алдагдсан автобусыг шуурхай эрэн хайж, 2 цагийн дотор эвдрэл гэмтэлгүй олсон
Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 30-ны 06:45 цагт "Сайхан ирээдүй" ХХК-ийн 18-037 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобус нь алдагдсан хэрэг гарсан.
Мэдээлэл авсан даруйд Авто тээврийн Улсын байцаагч Ж.Бум-Эрдэнэ, М.Одгэрэл, жолооч Ш.Соронзонболд нар шуурхай ажиллан олсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2023/04/11
“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт бол...
-
Тод индэр2022/09/21
Н.Учрал: “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлнэ
-
Тод мэдээ2021/09/01
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил тогтмол 08:00 цагт эхэлнэ
-
Тод зураг2020/03/30
ЖДҮХС-д зээлийн үндсэн төлбөр хойшлуулах хүсэлт гаргах загвар
