Дэлхий нийтээр..
Л.Оюун-Эрдэнэ:Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллахдаа Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байна. Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Одоогоор газар шорооны ажил 81, дээд бүтцийн барилга угсралт 67 хувь буюу гол замын угсрах ажил 233 км хийхээс 201 км-ыг хийгээд байна.


Төмөр зам ашиглалтад орсноор:
- Дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 30-50 сая тн нүүрс экспортлоно,
- Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол эрс багасна,
- Автотээврийн осол, зөрчил буурна,
- Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой,
- Байнгын 2,000 орчим ажлын байр бий болно,
- Жилд 20-28 сая ам.долларын татвар төлнө гэсэн тооцоо гарчээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын урт 416.2 км, нэг өртөө, зургаан зөрлөгтэй байх юм. Төмөр зам Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхай болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулна.
Төмөр замын суурь бүтцийг дотоодын 46 аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний барилгын анги, нэгтгэл хийж байна.
“Стратегийн ач холбогдол бүхий дээрх хоёр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээ авч байна. Улстөржилт, талцал зэргээс болж 12 жил төмөр замаа тавьж чадаагүй. Энэ хэрээр Монгол Улс их хэмжээний орлого, боломжоо алдсан. Цаашид ийм байдал давтагдах ёсгүй” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ гэдгээ мөн хэлэв.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
Дэлхий нийтээр..
Израилын цохилтын үеэр амиа алдсан нэг овгийн 112 хүнийг оршуулжээ
Газын зурвасын Сабра дүүрэгт 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болсон Израилын агаарын цохилтын үеэр амиа алдсан нэг овгийн 112 палестиныг өчигдөр оршуулжээ.
Тэд Аль-Хассайна буюу Абу Шариа овгийнхон бөгөөд цохилтын дараа олон хүн нурангид дарагдан үлдсэн аж. Саяхан гарган авсан цогцсуудыг гэр бүл, төрөл төрөгсөд нь нутаглуулсан байна.
Газын Иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр, оршуулсан хүмүүсийн 40 нь хүүхэд байжээ. Палестины тал тухайн өдрийн цохилтын үеэр тус овгийн нийт 308 хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн юм.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Израилын тал тухайн үеийн цохилтын талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Дэлхий нийтээр..
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Дэлхий нийтээр..
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
-
Дэлхий нийтээр..2021/04/07
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршлууд
-
Дэлхий нийтээр..2020/06/26
СОНГУУЛЬ 2020: 17-р тойрог /Хөвсгөл аймаг/
-
Дэлхий нийтээр..2024/06/07
Тив, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдын мөнгөн урамшууллыг олгох...
-
Дэлхий нийтээр..2023/05/10
АТГ: Эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
