Дэлхий нийтээр..
“Монголын орчин цагийн өгүүллэгүүд” Орос хэл дээр хэвлэгдэнэ
Монголын Орчуулагчдын Эвлэл, ОХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран “Мэргэн зон” төрийн бус байгууллагын дэмжлэг дор Оросын орчин цагийн өгүүллэгүүд” түүвэр номын нээлтээ Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв буюу “Русский Дом”-д саяхан хийсэн билээ.

Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд, хатагтай Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизов, Монгол Улсын Баатар, ЗХУ-ын Баатар Чингис-Хаан ба Александр Невскийн одонт, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн Ерөнхийлөгч, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, уг төслийг санаачлагч Монголын Орчуулагчдын Эвлэлийн Ерөнхийлөгч О.Чинбаяр, “Мэргэн Зон” сангийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч, орчуулагч М.Ундрам, Монголын үе үеийн шилдэг дуун хөрвүүлэгчид болон Оросын уран зохиолд элэгтэй, шимтэн уншигч нар өргөнөөр оролцсон байна.

Төслийн удирдагч О.Чинбаярын өгүүлснээр, Оросын орчин цагийн зохиолчдын өгүүллэгүүдийг Монголын уншигчдад өргөн барьсан явдал нь манай хоёр орны хооронд бүдгэрч асан утга зохиолын харилцааг сэргээж буйгаараа онцлог ажээ. Ирэх намар Москва хотноо “Монголын орчин цагийн өгүүллэгүүд” номын нээлтийг хийхээр хамтарсан төслийн баг уйгагүй ажиллаж байгаа талаар ч мөн тэрбээр мэдээлэв.

Нийт 440 нүүр бүхий дээрх номыг монгол хэлнээ хөрвүүлэхэд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МОЭ-ийн “Дуун хөрвүүлэгч” шагналт Ц.Гомбосүрэн, Го.Аким, Ж.Нэргүй, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт орчуулагч О.Чинбаяр, М.Прүстын “Алдуул цагийн эрэлд”-ийн орчуулагч Л.Алтангэрэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн үе үеийн төгсөгч нар сэтгэл зүтгэл гарган оролцсон аж.

Уг төсөл Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй утга зохиолын хамгийн том ажил бөгөөд соёлын салбарын хуучны сайхан нөхөрсөг уламжлалаа сэргээн Оросын талаас 24 зохиолч, Монголын талаас 20 орчуулагч нэг баг болж ажилласан байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2021/12/08
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
-
Дэлхий нийтээр..2021/10/08
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхи...
-
Дэлхий нийтээр..2022/07/28
Түүх соёл, аялал жуулчлал, археологийн олдворын өлгий нутгийг төрийн тусгай хэрэ...
-
Үйл явдал2021/11/24
Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын түр цэг ажиллаж байна
