Дэлхий нийтээр..
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ДОХ/ХДХВ-ийн асуудлаарх цахим уулзалтад оролцлоо
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран зохион байгуулсан ДОХ/ХДХВ-ийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний цахим уулзалтад Монголын парламентыг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн оролцлоо.
Энэ удаагийн цахим уулзалт “2030 он гэхэд ДОХ-ыг даван туулахад тэгш бус байдлыг шийдвэрлэхэд парламентын үүрэг” сэдвийн хүрээнд болсон бөгөөд оролцогчид ДОХ-той тэмцэх Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд улс орнуудын парламентуудын үүрэг оролцоо, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцаж, санал солилцов.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “КОВИД-19 цар тахлын халдвар нь бидний өмнө урьдчилан таамаглаагүй сорилтуудыг авчирч, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд хүндрэл үүсгэж байна. Цар тахлын улмаас ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар ярих хэрэгтэй. Одоогоор олон улсын эрдэмтэд КОВИД-19 болон ХДХВ/ДОХ-ын талаарх судалгааг хийж байна. Эрүүл мэндийн тогтолцооны хүчин чадлыг сайжруулах, тархалт өндөртэй улс орнуудад сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Тэгш бус байдал нэмэгдэж байгаа энэ үед зорилтот хүн амд чиглэсэн олон нийтийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн олон улсын стратегийг хэрэгжүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн байнгын дэмжлэг чухал ач холбогдолтой.” гэв.
ДОХ/ХДХВ-ийн халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхах, жендэрийн байдлаар тэгш бусаар хандах, эрүүл мэнд, боловсрол болон бусад шаардлагатай үйлчилгээ авах эрхийг хязгаарлах зэрэг сөрөг хандлага буурахгүй байгаа нь халдварын тархалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Иймээс хүний эрхийг хангах, эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ХДХВ-ийн хариу арга хэмжээнд үзүүлэх хууль тогтоомжийн үр нөлөөг сайжруулахад парламентын үр дүнтэй оролцоо, дэмжлэг чухал болохыг оролцогчид тэмдэглэлээ.
Дэлхий нийтээр..
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Дэлхий нийтээр..
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
