Дэлхий нийтээр..
МЗХ залуучуудын санаачлагыг дэмжин ажиллахыг У.Хүрэлсүхээс хүслээ
Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд хандан ил захидал илгээсэн байна. Ингээд ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ил захидал
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль амжилттай боллоо. Сонгуульд олонхийн санал авч, ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүх танд Монголын Залуучуудын Холбооноос баяр хүргэн амжилт хүсэхийн ялдамд Монгол Улсын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулан хөгжлийн түүчээ болсон залуучуудынхаа санал санаачлагыг дэмжин ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байна.
Ялангуяа таны мөрийн хөтөлбөртөө тусгасан Монгол Улсын аймаг дүүрэг, сум, баг, хороо болгоноос дэлхийн жишгийн их дээд сургуульд оюутан бэлтгэн суралцуулна гэсэн санаачлага залуучуудын урам зоригийг сэргээж, итгэлийг нэмэгдүүлсэн билээ. Иймээс Монголын залуучуудын боловсролыг дэмжсэнээр эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах энэхүү ажлаа заавал биелүүлээрэй хэмээн залуучууд хүсч байна. Таны монголчууд баялгийнхаа эзэн болох уриалга биеллээ олох болтугай гэж хүсэн ерөөж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ, Дангаасүрэнгийн Энхбат нарт ч цаашдынх нь ажилд амжилт хүсэн, санал өгсөн иргэдийнхээ итгэлийг үргэлжлүүлэн хадгалж ажиллаарай гэж хүсэн ерөөе.
Энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцсон залуучууддаа мөн талархал илэрхийлье. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад 18-19 насныхан өмнөх сонгуулиудаас илүү идэвхтэй байж, 30-39 насныхан нийт сонгогчдоос хамгийн идэвхтэй буюу 41 орчим хувь оролцсон нь чамлахааргүй үзүүлэлт бөгөөд залуучууд та бүхэн амжилтаа улам ахиулан, сайн бүхнийг манлайлан хөгжлийн түүчээ болж байх болтугай гэж хүсэн ерөөе.
Монголын Залуучуудын Холбоо

Дэлхий нийтээр..
АНУ, Ираны хэлэлцээ гацаж, Хормузын хоолойн асуудал хурц хэвээр байна
АНУ болон Ираны хооронд хэдэн сарын турш үргэлжилж буй зөрчилдөөн намжих шинжгүй байгаа бөгөөд хэдийгээр талууд түр гал зогсоох тохиролцоонд хүрээд байгаа ч нөхцөл байдал эмзэг, хэлэлцээ төдийлөн ахиц гараагүй хэвээр байгаа юм.
Хоёр улсын маргааны гол төв нь дэлхийн нефтийн тээвэрлэлтийн чухал зангилаа болох Хормузын хоолой болжээ. Энэ бүс нутгаар дэлхийн газрын тосны ихээхэн хувь дамжин өнгөрдөг тул аливаа саатал нь олон улсын зах зээлд шууд нөлөөлж байна.
Иран сүүлийн үед тус хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцнуудын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийж, заримыг нь саатуулсан байна. Харин АНУ Ираны нефтийн экспортод дарамт үзүүлэх зорилгоор далайн блокад тогтоожээ. Үүний улмаас олон арван хөлөг онгоц гацаж, газрын тосны үнэ өсөхөд хүрсэн.
Ираны тал “хэрэв АНУ блокадаа зогсоож, хориг арга хэмжээгээ цуцалбал Хормузын хоолойг бүрэн нээхэд бэлэн” гэж мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд ТрампИраны гаргасан энхийн саналыг судалж байгаа ч одоогоор хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Ийнхүү хоёр тал байр суурин дээрээ хатуу зогсож байгаа нь хэлэлцээг урагшлуулахад саад болж байна. Гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр хэвээр байгаа ч бүс нутагт хурцадмал байдал бүрэн намжаагүй, цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Дэлхий нийтээр..
Олборлолт нэмэгдсэн ч Хормузын нөхцөл байдал нефтийн зах зээлд нөлөөлсөөр...
ОПЕК+ бүлгийн орнууд тавдугаар сарын 3-нд уулзаж, зургадугаар сараас нефтийн олборлолтоо өдөрт 188 мянган баррелиар нэмэхээр тохиролцсон байна. Гэвч энэ шийдвэр дэлхийн газрын тосны зах зээлийн гол дарамтыг сулруулж чадсангүй.
Хормузын хоолойн орчимд үүссэн хурцадмал байдал үргэлжилж, дэлхийн нефтийн нийлүүлэлтийн чухал урсгалд саад учруулсаар байна. Тус бүсээр дэлхийн нефтийн ойролцоогоор 20 хувь дамжин өнгөрдөг нь эрсдэлийг улам нэмэгдүүлээд байгаа юм.
Зах зээл дээр энэ нөлөө илэрч, нефтийн үнэ өндөр түвшинд хадгалагдав. Brent төрлийн нефть баррель нь 85–90 ам.долларын хооронд, WTI 80–85 ам.долларын орчимд хэлбэлзсэн.
Шинжээчдийн дүгнэлтээр, олборлолт нэмэгдэх нь үнийн огцом өсөлтийг тодорхой хэмжээнд сааруулж болох ч геополитикийн эрсдэлийг нөхөх хэмжээнд хүрэхгүй хэвээр байгааг анхааруулжээ.
ОПЕК+ бүлэг зах зээлийн нөхцөл байдлыг сар бүр үнэлж, дараагийн уулзалтаа зургадугаар сарын 7-нд хийхээр товлосон аж.
Дэлхий нийтээр..
Ираны риалын ханш түүхэн доод түвшинд хүрч, эдийн засгийн дарамт нэмэгдэв
АНУ болон Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөний дараах эмзэг гал зогсоох нөхцөл үргэлжилж буй энэ үед Ираны үндэсний мөнгөн тэмдэгт болох риалын ханш огцом суларч, түүхэн доод түвшинд хүрлээ.
2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нэг ам.доллар 1.8 сая риалтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь тус улсын эдийн засгийн нөхцөл байдал дордож буйг илтгэж байна.
Ираны риал өмнөх долоо хоногуудад харьцангуй тогтвортой байсан ч сүүлийн өдрүүдэд огцом уналт үзүүлсэн нь зах зээл дээр гадаад валютын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа аж.
Эдийн засгийн энэхүү дарамтад АНУ-ын тэнгисийн хориг арга хэмжээ голлон нөлөөлж байгаа бөгөөд Ираны газрын тосны экспорт хязгаарлагдаж, гадаад валютын урсгал багассан байна.
Үүнтэй зэрэгцэн, Хормузын хоолойтой холбоотой хурцадмал байдал үргэлжилж, дэлхийн эрчим хүчний зах зээлд ч нөлөө үзүүлж байгаа юм.
Хэдийгээр гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байгаа ч АНУ Ираны эсрэг эдийн засгийн дарамтаа үргэлжлүүлж, цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар хатуу байр суурь баримталж байгаа билээ.
Ираны эдийн засаг өмнөх жилүүдэд ч инфляц, валютын ханшийн савлагаанд өртөж байсан бөгөөд одоогийн нөхцөл байдал нь иргэдийн амьжиргаанд улам дарамт учруулж болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.
-
Үйл явдал2022/07/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Дэлхий нийтээр..2024/12/13
Б.Найрамдал: Зарим станц эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хэрэ...
-
Дэлхий нийтээр..2022/05/30
УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2025/02/10
“Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруула...
