Тод мэдээ
Вирусний эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлж ажиллах чиглэлийг өглөө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт энэ сарын 21-ний өдөр Шадар сайд С.Амарсайхан ажиллалаа.
Коронавируст халдвар "Ковид-19" цар тахлын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын бүрэлдэхүүн бүхий Ажлын хэсэг 2021 оны зургаадугаар сарын 4-ний өдөр хяналт шалгалт хийхэд багагүй зөрчил дутагдлууд илэрсэн тул Шадар сайд вирусний эсрэг эмийн нөөц, хангамж болон үнийн асуудлаар газар дээр нь ажиллаж, хариуцсан агентлагийнханд тодорхой үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр “Вирусний эсрэг эмийн нийлүүлэлтийн талаарх мэдээллийн эрх тэгш бус, хаалттай байдал нь ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, хомсдол үүсэх нэг хүчин зүйл болж байна. ЭМЯ-наас 2020 онд “Ремдесивир” эмийг худалдан авах ажиллагааг зохион байгуулахад 1 бүрийг нь 315.000 төгрөгөөр нийлүүлж байсан бол одоо бид шууд үйлдвэрлэгчидтэй нь харьцаж 1 бүрийг нь 50.000 төгрөгөөр оруулж ирдэг болохоор ярилцаж байгаа. Эмийн нөөц хангамжийн тухайд нэг удаагийн лицензийг гэрээт ААН-үүдэд хэт их хэмжээгээр олгодгийн улмаас бусад ААН-үүдэд квот олдохгүй байгаа тул нэг удаагийн лицензийг хүртээмжтэй байдлаар ААН-үүдийн хүчин чадалд тохируулан олгох шаардлагатай байна. Эм оруулж ирдэг бөөний төвүүдийн үнээс эмийн сангууд 30-40 хувь үнэ нэмж зах зээлд борлуулж байгааг таслан зогсоох хэрэгтэй" хэмээсэн юм.
Мөн түүнчлэн эмийн бүртгэлийг олон улсын нэршлээр бүртгэдэг байсан бол одоо оруулж ирдэг компанийн нэрээр бүртгэж байгаа нь эмийн чанар, стандартад нөлөөлж байгаа зэрэг зөрчил дутагдалд ажил хариуцсан агeнтлагийн зүгээс ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б. Цэцэгсайхан “Eрөнхий гэрээгээр тeндэр зарлаж, вирусын эсрэг 3 төрлийн эмийг нэмж оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр вирусын эсрэг эмийн нөөц хангамж сайжирч үнэ буурах боломжтой. Мөн дэлхийд сүүлийн үeд эмчилгээний хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдож байгаа, маш хүнд, хүнд өвчтэй иргэдэд хэрэглэдэг "Тоцилизумаб" эмээс эхний ээлжинд 2000 ширхэгийг авчирч байгаа” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Шадар сайд ирэх сарын 1-ний өдрөөс өмнө улсын эмнэлгүүдийн эмийн нөөцийг тасалдуулахгүй хангаж, эмчлүүлэгчдийн эм тариаг гаднаас худалдан авах байдлыг таслан зогсоохыг үүрэг болголоо.
Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
-
Тод мэдээ2023/05/03
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ оны 17 дахь дугаар хэвлэгдлээ
-
Тод мэдээ2022/02/11
“Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай&...
-
Өнөөдөр2025/07/07
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
-
Тод мэдээ2024/06/18
Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хян...