Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны 07 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
2021 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
30-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8 дугаар сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 8 дугаар сарын 1, 2-нд нутгийн баруун болон зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Үйл явдал
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд одоогийн байдлаар 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэх, хилийн хориг тогтоох болон зарим гаалийн улсын байцаагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Үйл явдал
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгджээ
Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Тус станц нь нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийг сайжруулж, эрчим хүчний ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм.
Төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажил дууссан бөгөөд станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалгыг хийжээ. Эдгээр тоног төхөөрөмж нь Монгол орны эрс тэс уур амьсгалд бүрэн нийцсэн байна. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл болон зураг төслийн ажлууд үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд зураг төслийг “Митайм Интернэйшнл” компанийн туслан гүйцэтгэгч болох Повер Чайна Хэбэй Электрик Повер Инженер компани боловсруулж байна. Үүнээс гадна төслийн талбайн түр хашаа барих ажил эхэлжээ.
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай 26.4 га талбайд барина. ДЦС-2 нь 1961 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 65 жилийн хугацаанд хуримтлагдсан үнсийг энэ оны дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн зөөвөрлөж байна. Төслийн нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25-ыг нь чөлөөлөөд байгаа юм.
Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийг найдвартай, бие даасан эрчим хүч, дулааны эх үүсвэрээр хангах юм. Төслийн хүрээнд Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн амын нягтаршил өндөр, эрчимтэй тэлж буй бүсүүдийн эрчим хүч, дулааны хэрэглээг тогтвортой хангах боломж бүрдэх юм.
Үйл явдал
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байна.
Энэ хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 78 хувьтай байна.
Тухайлбал, 10 мянган ам метр талбайд явган хүний замыг өнгөт хавтангаар байгуулж, 70 мянган ам метр талбайд цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурийг хийжээ. Мөн 70 мянган ам метр талбайд суурь асфальт бетон хучилтыг хийж дууссан. Долоодугаар сарын 1 гэхэд зам талбайн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.



-
Үйл явдал2020/11/24
УИХ-ын Түр хороо, ажлын хэсгийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2022/03/29
Хилийн боомтуудыг төмөр зам болон авто замаар холбоно
-
Дэлхий нийтээр..2023/06/20
Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ой тохиож байна
-
Дэлхий нийтээр..2023/08/29
АТГ: Эрүүгийн 865 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
