Дэлхий нийтээр..
“Төв халх” дуулалт жүжгийн театрын барилгын ажлыг түргэтгэнэ
Соёлын салбарын хууль эрх зүйн орчин сайжирч, аймаг орон нутагт соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажил эрчимжиж байгаатай холбогдуулан Соёлын яамны удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Дундговь аймагт ажиллалаа.
Соёл, урлагийн байгууллагаар үйлчлүүлэгчид сүүлийн 10 жилийн хугацаанд тогтвортой өсөж, тэр дундаа соёлын төв, ордны үзэгчид соёл урлагийн байгууллагын нийт үзэгчдийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа юм. Гэсэн ч зарим аймаг, сумдад соёлын төвүүдийн барилгын засвар, багтаамж зэргээс үүдэн соёлын хүртээмж харилцан адилгүй байна.
Жишээ нь, Дундговь аймгийн “Төв халх” дуулалт жүжгийн театрын барилгын ажил 2012 онд эхэлсэн ч хөрөнгө оруулалтыг нь шийдэж өгөөгүйгээс үүдэн өнөөг хүртэл дуусаагүй байна. Олон жилийн хугацаанд барилгын ажил зогссон тул суурь, шалны бетон, арматур зэрэг барилга угсралт хийгдсэн хэсэгт дахин шинжилгээ хийх шаардлагатай болсон бөгөөд Ажлын хэсэгт багтаж Дундговь аймагт ажилласан Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд театрын барилгын дүгнэлтийг гаргахаар болсон юм.
Ингэснээр барилгын хийц бүтээцийн, чанарын, техник хяналтын, төсвийн зэрэг бүх дүгнэлтүүд нэгтгэгдэн “Төв халх” дуулалт жүжгийн театрын барилгын ажлыг түргэтгэх боломжтой болж байна.
Мөн Соёлын дэд сайд М.Батбаяр орон нутагт Соёлын хэлтэс байгуулах асуудлаар Аймгийн удирдлагуудтай дэлгэрэнгүй ярилцаж, орон нутгийн соёлын ажилтнуудыг мэргэшүүлэх, дахин сургалтад хамруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж эхлэхээр боллоо.
Мөн Дундговь аймагт ажилласан Ажлын хэсгийнхэн аймгийн номын сан, Аймгийн музей, “Төв халх” дуулалт жүжгийн театр болон “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театраар орж, байгууллагуудын удирдлагууд, албан хаагчидтай уулзаж, зарим асуудлыг дэмжиж, шийдвэрлэхээр болов гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
