Хэн юу хэлэв...
Хятадын толгой эргэм хөгжил ба Шанхай хот
ЗАМ ГҮҮРИЙН ХОТ ШАНХАЙ
Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөсөн 1990-ээд онд Хятадад Шанхай хотыг шинээр бүтээн байгуулах их ажлын суурь тавигджээ. Загасчин тариачны суурин байсан Пүдун дүүрэгт тэнгэр баганадсан сүрлэг барилгууд босож, өдгөө Азийн Нью-Йорк гэгдэх болсон өндөр, шинэ Шанхай хот ийнхүү 30 жилийн дотор нүд гялбуулан өндийсөн аж. Хуучин Шанхайн төв болж байсан Пуши дүүрэгт ганц ор эзэмшчихвэл Пүдунд гэртэй байснаас илүү хэмээн хөөрцөглөж байсан Шанхайчуудын хувьд өнөөдөр шинэ Пудүнд нэг ортой болох нь Пүшид харштай байхаас ч илүү болж байр нь солигдсон байх юм. Хөгжил гэдэг ийм ажээ.
Пуши гэдэг нь Хуанпү мөрний баруун бие, Пүдун нь зүүн бие. Ерөөс шинэ хуучин Шанхай хотыг зааглагч нь их хотын дундуур урсах Хуанпу мөрөн. Хөх мөрний далайтай нийлж байгаа дээд урсац болох энэ өргөн гол Шанхай хотын төвөөр урсах. Голын дээгүүр арав гаран нүсэр гүүр, доогуур нь мөн тооны нүхэн замууд байх агаад энэхүү их мөрнийг гатлага онгоцоор туулж байсан Шанхайнхан өнөөдөр Хуанпу мөрнөө өдөрт хэдэнтээ дээгүүр доогуур нь давхиж өнгөрөхдөө мөрөн голыг гаталж байгаа мэдэмсрээ ч бүүр гээчихэж. Их усны доогуур тавьсан замаар ФМ хөгжим сонсон машиндаа тухалж зорчихдоо Хятадын бүтээн байгуулалтын хурдыг тархиныхаа бор хальсны гадаргууд наах гэж хичээн зүдэх амьтан надаас өөр алга. Шанхай хотод хөл тавингуутаа л анзаарсан анхны зүйл бол тус хотын зам гүүр. Шанхайг гүүрэн замын хот гэж нэрлэж болмоор. Энэ олон гүүрэн байгууламж, усны дээгүүр доогуур тавьсан зам, хотыг сүлжих өргөн дардан харгуйнууд бол тус газар дахь хөгжлийн анхны төрөгдөл байлаа.
ХУУЧИН ШИНЭ СОЁЛЫН НИЙЛБЭР ШАНХАЙ
Шанхай хот гадаадын колони байх үед Унгарын архитекторч Хюдок Ласла гэгч эрхэм 1918-1947 оны хооронд өрнийн хийцтэй 50 гаруй том барилгын зураг төслийг гардаж 200 гаруй уран барилга бариулжээ. Одоо Ласлагийн байшингууд бүгд музей шахуу соёлын үнэт өв болон гадаад дотоодын жуулчдын нүдийг хужирлахын зэрэгцээ Шанхай хотын түүхийг эрт эдүгээд хүүрнэх онцгой дурсгал болсонтой хаа сайгүй тааралдах. Тухайн үед мэдээж хөрөнгө чинээтэй язгууртнууд гэр хаусуудаа Ласла тэргүүт өрнийн архитекторчдоор захиалан бариулж байжээ. Тэдгээр баяд ноёд, дарга даамлуудын амьдарч байсан гэр орон нь өнөөдөр Лаоянфан хэмээх хуучны хотхон болон хадгалагдаж үлджээ.
БЭЭЖИНД ЮАНИЙ ҮЕИЙН ХУТУНГУУД ХУУЧИН СОЁЛЫН ҮЗМЭР БАЙДАГ БОЛ ШАНХАЙД ЛАОЯНФАНГУУД ЯГ ТЭР ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭНЭ. ЖУУЛЧИД ЁСТОЙ ХӨЛ ТАВИХ ЗАЙГҮЙ БУЖИГНАЖ БАЙХ АЖ.
Өдгөө лаоянфангууд орчин үеийн урлагийн хотхон болжээ. Гадна талыг нь мэргэжлийн урчуудаар сэргээн засварлуулж яг хуучны өнгө төрхөөр нь сайжруулан додомдсон тэрхүү өрнийн сүрлэг байшингуудын дотор засал нь хамгийн орчин үеийн контенперари шийдэлтэй агаад гэрэл зургийн болон уран зургийн урлангууд, уран бүтээлчдийн ажлын байрууд, тохилог этгээд ресторан, хоолны газар, баар, кафе, Хятадын уламжлалт хувцас эдлэлийн дэлгүүрүүд гэхчилэн өнөө цагийн брэндлэг бүхэн тэнд суурьшиж жуулчдын халаасыг нимгэлж суух авай. Харин энгийн иргэдийн амьдарч байсан Тэнзифан гэх мөн тухайн үеийн сэргээн засварласан хороолол маягийн байшинд үзвэрийн газрууд, жуулчдын амрах тухлах аятай таатай үйлчилгээний бүх зүйлийг төвлөрүүлжээ. Шанхайд ирсэн гадаадынхан 30-хан жилд өндийж боссон тэнгэр баганадсан сүрт барилгын “арал” болох Пүдун дүүргийн Люжиазүйг үзэж Шанхайн хөгжилтэй танилцсаны дараа Лаоянфан Тэнзифан гэх мэтийн хуучны соёлын газруудыг үзэхээр хөгсөн тэмүүлнэ. Хуучин соёл төдийгүй шинэ хөгжлийн сүлэлдээн болсон энэ газарт тэд чухам жаргалаа эдлэн, үзэх бүхнээ үзэж халаасаа харамгүй гөвцгөөх ажээ. Шанхайн энэ хэсэг яг л хятадын хуучны кино, шинэ үеийн драма хоёрын дүрс ээлжлэн солигдож байдаг асар том дэлгэц гэлтэй.
ХЯТАДЫН ХӨГЖЛИЙН ЗАГВАР ШАНХАЙ
Хятадын хөрөнгийн зах зээлийн гол төвлөрөл нь мөн л Шанхай. Шанхай, Шэньжэний хөрөнгийн биржийн 4100 гаруй том компаний нийт хувьцааны өртөг нь 46 их наяд болж дэлхийд хоёрдугаарт жагсаад байгаа. Хятадад сүүлийн үед хувьцааны зах зээл маш эрчимтэй тэлж байгаа нь зөвхөн өнгөрөгч онд л гэхэд 180 сая хүн энэ талбарт тоглогчоор бүртгэгдсэнээс илэрхий харагдах биз ээ. Үүнээс зөвхөн Шанхайн биржид л гэхэд 3600 компани бүртгэлтэй байна. Хонконгийг оролцуулахгүйгээр Хятадын эх газрын хөрөнгийн зах зээлийн хувьцааны индекс сүүлийн үед байнга өсөж ирсэн юм. Мөн Шанхай хот бол хамгийн том боомт хот. Хятадаас дэлхийд гарч буй бараа бүтээгдэхүүний ихэнхийг эндээс зөөвөрлөдөг. Үүнийгээ дагаад брэндингийн хөгжүүлэлтээрээ л цойлж байгаа. Хуучин цагт Хятад улс хамгийн хямдхан эд барааг хамгийн ихээр нь нийлүүлдэг бөөний худалдааны зартай том сүлжээ байсан бол өдгөө харин дэлхийн загварын ертөнцөд цахиур хагалж эхлээд байна. Тэдний эдийн засаг сүүлийн жилүүдэд огцом үсрэнгүй хөгжиж байгаагаас хямд юмыг олон ширхгээр үйлдвэрлэх улангаслаа орхиж одоо энд дэлхийг хамгийн үнэтэй чанартай брэндээр хангах зах зээлийн их өрсөлдөөн нэгэнт эхэлжээ.
Дэлхийн хамгийн үнэтэй том брэндийн дэлгүүрүүд ярайж байдаг байсан Шанхайн худалдааны томоохон төвүүдийн павильоныг одоо дэлхийд алдаршиж буй хятад брэндүүд эзэлчихсэн байх юм. Бээжингээс галт тэргээр 20-оод цаг нүдүүлж сэгсчүүлж хүрдэг байсан Шанхайд 4 цаг гаран дотолгоод очдог болжээ. Хурдны төмөр зам хийгээд түүгээр зорчих өндөр хурдны галт тэргүүд нь онгоцноос дутахгүй тав тухтай аж. Дашрамд дурдахад Хятадын өндөр хурдны төмөр замын нийт урт одоо 40-өөд мянган км-т хүрчихээд байгаа. Дөнгөж 2008 онд Бээжин Тяньжинийг холбосон өндөр хурдны анхны зам ашиглалтад орж байлаа шүү дээ. Гэтэл одоо өндөр хурдны төмөр замынхаа уртаар дэлхийд нэгдүгээрт бичигдчихэж. Аан тийм, Шанхайд ирээд мэдсэн хамгийн гайхшрууштай нэг зүйл нь тэндэхийн метро. Чийглэг нанги хөрстэй энэ газарт метро барих нь ямарч боломжгүй гэгдэж, олон орны энэ салбарын мэргэжилтнүүд үүнийг нь зуунтаа, мянгантаа баталж байсан ч хятадууд цөхрөлгүй зүтгэж, инженер техникийн ажилчид нь уйгагүй судалгаа хийсээр метро барих нээлтийн чанартай шинэ технологи олж бүтээн байгуулалтаа хийснээр дэлхийн хамгийн урт метротой хот болжээ. Энэ мэтчилэн үзсэн харсан, сонссон дуулснаа бичвэл дуусахааргүй их сонинтойгоор Шанхайд аяллаа. Хятадын хөгжлийн дүлийрэм олон мэдээллүүдээсээ хальт хульхан хуваалцахад ийм байна.
Сэтгүүлч Б.Занданхүү
Эх сурвалж: mn.cctv.com
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Дэлхий нийтээр..2021/09/15
Лхагва гарагт шинжилгээ авах цэгүүд
-
Тод зураг2019/08/06
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
-
Дэлхий нийтээр..2023/08/11
“Эрдэнэс Монгол” нэгдэл, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэ...
-
Үйл явдал2019/09/16
Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
