Дэлхий нийтээр..
Авто зогсоолыг нэг стандарт, нэгдсэн системд шилжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал энэ сарын 16-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/231 тоот захирамжаар Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, автомашины зөв хэрэглээг бий болгох зорилгоор авто зогсоолын нэг стандартыг нэвтрүүлэх, авто зогсоолын нэгдсэн системд шилжүүлж, эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Энэхүү Ажлын хэсгийн тайланг сонслоо. 2021 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 216.97 га талбайд 72.667 автомашины зогсоол байна. Үүнээс олон нийтийн зогсоол 36.907, орон сууцны гаднах зогсоол 22.450, албан байгууллагын зогсоолуудад 11.297 автомашин зогсох хүчин чадалтай бол олон давхар зогсоолд 1610 автомашин зогсох боломжтой аж. Зөвхөн Бага тойруу орчимд л гэхэд 184 байршилд 4857 автомашины зогсоол тоологдсон байна.
Цаашид авто зогсоолыг ил, давхар, газар доорх зогсоол гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлж, шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзжээ. 2022-2026 онд нийт 13.097 автомашины зогсоолыг шинээр болон дахин төлөвлөхөөр тооцсон. Үүнээс 4719 нь ил зогсоол, 4620 нь давхар зогсоол, 3755 нь газар доорх зогсоол байх юм. Алсдаа нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэхтэй холбогдуулан дамжин суух зангилаа цэгийн орчимд 700-800 автомашины их багтаамжийн зогсоолууд барьж байгуулахаар төлөвлөсөн байна.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод авто зогсоолын харилцааг найман журам, гурван норм дүрэм, улсын хэмжээнд хэрэгжүүлэх гурван стандарт, хотын хэмжээнд хэрэгжүүлэх нэг стандартын хүрээнд зохицуулж буй. Гэвч эдгээр нь авто зогсоолын харилцааг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй байгаа тул хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт зайлшгүй шаардлагатай гэж Ажлын хэсгээс дүгнэсэн байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаа, хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан авто зогсоолын асуудлыг боловсронгуй болгож, нэг стандартыг нэвтрүүлж, авто зогсоолын нэгдсэн системд яаравчлан шилжүүлэхийг үүрэг болгов.
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
