Дэлхий нийтээр..
Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Засгийн газар 2021 оны есдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж Үндэсний зөвлөлийн Ажлын алба байгуулахаар боллоо.
Мөн “Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулж, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, ШУТИС-ийн харьяа Дулааны, техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, ШУА-ийн харьяа Технологийн инкубатор гэж нэмж, сэргээн байгууллаа.
Дундын ашиглалттай болон сүлжээ лабораториудын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис, бусад туршилтын материал худалдан авах ажлыг хөнгөвчлөх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БСШУ-ы сайдад даалгалаа.
Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах, улсын тусгай хэрэгцээний газарт авах асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо. Мөн салбарын үйл ажиллагаанд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгах нь зүйтэй гэлээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2025/03/06
Шинийн 8-нд “Манба Дацан” хийдэд "МӨРГӨЛИЙН ЭГШИГ" тоглолт болно
-
Дэлхий нийтээр..2020/09/25
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ...
-
Дэлхий нийтээр..2022/08/18
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт чуулна
-
Үйл явдал2021/06/21
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
