Дэлхий нийтээр..
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцын талаар танилцуулав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хэлэлцэв. 2020 оны эцсийн байдлаар нийслэлд 208049 өрх гэр хороололд амьдарч байна.
Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2495.7 га газарт 28 байршил бүхий 85 хэсэгчилсэн талбайг орон сууцжуулахаар төлөвлөөд байна. Ингэснээр нийт 123066 өрх сууцанд орно гэж тооцож байгаа юм.
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулахдаа 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 48 хэсэгчилсэн талбайд 38 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 10740 айлын орон сууц ашиглалтад ороод байна гэлээ.

Түүнчлэн нийслэлийн зүгээс 2025 он гэхэд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслөөр 20 мянган орон сууц, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган дахин барилгажуулах хүрээнд 3700 орон сууц, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц 5000, Баянголын амны түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны хорооллын төслийн хүрээнд 2007 орон сууцыг барьж, ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгаа аж.

Мөн Ханын материал орчмын орлогод нийцсэн ногоон орон сууц 712, шинэ суурьшлын бүсэд 14155, Солонго 1, 2 орон сууцны хороололд 5002, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах хүрээнд 4000, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдах “Ногоон нуур” орон сууцны хороололд 1008 орон сууц тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилттэй холбоотой асуулт тавьж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, Төлөөлөгч Н.Баярмөнх дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд газраа чөлөөлсөн ч байранд орж чадаагүй, төсөл хэрэгжүүлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав.
Баянзүрх дүүргийн хувьд “Их өргөө” компанитай гэрээ байгуулж, газраа чөлөөлөөд хохирсон 80 гаруй өрхийн асуудал бий бөгөөд үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар асуусан юм. Харин Засаг даргын орлогч Б.Сүхбаатар “Газраа чөлөөлөөд хохирсон иргэдийн асуудлыг үндсэндээ шийдвэрлэж дууссан. Их өргөө компанитай холбоотой хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн ирэх оны төсөвт 15.4 тэрбум төгрөг суулгах саналаа өгсөн” гэлээ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
