Тод мэдээ
Монголбанк 10 дугаар сард 3.2 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2021 оны 10 дугаар сард 3.2 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 18.1 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.08 тн-оор буурсан үзүүлэлт юм.
2021 оны 10 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 249.8 кг үнэт металл худалдан авсан.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 10 дугаар сард 162,456.30 төгрөг байв.
График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2021 оны 10 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
Эх сурвалж: Монголбанк
Тод мэдээ
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Ханнс Зейделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт, суурин төлөөлөгч ноён Феликс Гленк болон урилгаар хүрэлцэн ирж маш чухал сэдвээр илтгэл тавьсан хатагтай Виттед чин сэтгэлийн талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны үр дүнд чуулга уулзалт тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлснийг онцоллоо.
Тэрбээр, ес дэх удаагийн парламент сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд 126 гишүүнтэй бүрдсэн хэмээгээд, таван намын төлөөлөлтэй, хамгийн олон эмэгтэй гишүүнтэй, хамгийн олон мэргэжил, туршлага бүхий гишүүдтэйгээрээ онцлог болохыг дурдсан. Түүнчлэн энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд олон ургалч үзлийг дэлгэрүүлж, ардчиллын зарчмыг хангаж буйн хувьд эрх зүйн орчныг сайжруулах замаар улс орны хөгжлийг илүү түргэтгэнэ хэмээн иргэд өндөр хүлээлттэй байгааг тодотгосон юм.
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэвшүүлсэн хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн талаар танилцуулаад, энэхүү бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсад хүн төвтэй эрх зүйн орчин бүрдэж, нийгэм эдийн засгийн хөгжил түргэсэж, улмаар иргэдийн амьдралын чанар дээшилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт амжилттай болсныг дурдаад, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлж буй хууль тогтоомжид үнэлгээ, мониторинг хийх сургалт, уулзалт арга хэмжээг маргааш дахин зохион байгуулах гэж буйг дурдсан.
Тэрбээр тус сургалтад оролцогчид хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, өдөр тутмын ажилдаа ашиглах арга зүйтэй болно гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.
Хатагтай Фредерикэ Витте ХБНГУ-ын Захиргааны хэргийн шүүхээс ажлын гараагаа эхэлж, Засгийн газарт зөвөлгөө өгч ажилладаг бие даасан байгууллагад, улмаар Байгаль орчны болон Нийгмийн хамгааллын яамдын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тухайгаа танилцуулаад, хууль тогтоомжид үнэлгээ хийх, хуулийн төсөл боловсруулахаас өмнөх урьдчилсан судалгаа хийх аргачлалын талаарх туршлагаа хуваалцан, дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн болно
Гурван үе шаттай тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцдог.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-ны өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиох бөгөөд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 13 дахь удаагаа зохион байгуулагдана.
Жил бүр давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг болж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Анхан шатны тэмцээнээс сумаас эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүргээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин тус тус шалгаран хагас шигшээ шатанд оролцоно. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 2024 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болж, аймгийн тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин тус тус шалгаран шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.
Шигшээ тэмцээн 2025 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 13 дахь удаагийн аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг буюу Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцох юм. Тэмцээнээс медаль хүртсэн шатарчин нь шатрын спортын Дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатрын холбоог төлөөлөн урилгаар оролцох эрх авдаг юм.
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рейтинг бодогддог байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа
Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хууль хэрэгжиж эхлээд ямар хугацаанд үр дүн гарах, “Орано” групп нь манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглах талаар баталгаа гаргуулах, олборлох ураныг энх тайвны зорилгоор ашиглах талаар гэрээндээ тусгах, олборлосон тодорхой хувийг борлуулах эрхтэй байх, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл дээрх хуулийн төсөл болон цаашид хийх гэрээ, хэлэлцээрийн талаар иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, шинжлэх ухааны ойлголтуудыг тодорхой ойлгомжтой хүргэхэд анхаарах талаар асуулт асууж, хариулт авчээ. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллыг гүйцээн боловсруулах, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн. Байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулж, санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг болон бүлэгт харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асуулаа.
Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Дорноговь аймгийн Зүүнбаян, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт үндсэн орд байрлаж байна. Эдгээр сумын иргэдэд нөхөн олговорыг хэрхэн олгох талаар асуухад “Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал "2006 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт 9 тэрбум төгрөг зарцуулсан. Улаанбадрах суманд 700 сая, Зүүнбаян суманд 300 сая төгрөгийн нөхөн олговор жил бүр өгч байна" хэмээн хариулав. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ө.Шижир нар хог хаягдлыг хэрхэн шийдэх, уран олборлоход их хэмжээгээр шаардагдах хүхрийн хүчлийг хаанаас импортлох талаар асуусан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, манай орон зэсийн нөөцөөрөө дэлхийд эхний 10 байранд явдаг. Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрээ түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж байна. Зэс хайлуулах үйлдвэрлэлээс хүхрийн исэл гарна. Тэрхүү хүхрийг олборлох үйл ажиллагаандаа ашиглана гэв. Харин Цөмийн энергийн комиссын ажлын албаны нарийн бичгийн дарга Г.Манлайжав, төслийн үйл ажиллагааны үр дүнд 250 тонн цацраг идэвхт хаягдал үүснэ. Олон улсын болон Монгол Улсын зохих хууль, журмын дагуу хог, хаягдлын менежмент хийх үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгана. Төслийн явцад 3 төрлийн хог хаягдал гарна. Шатах, тослох материал буюу аюултай хог хаягдлыг устгах үйлдвэр барина, цацраг идэвхт буюу шар нунтгийн сав, бээлий зэрэг хог хаягдлыг булшилна. Ердийн хог хаягдлыг шатаах гэсэн 3 аргаар хог хаягдлыг шийдэхээр тохиролцсон гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, цацраг идэвхт ашигт малтмал олборлохтой холбогдуулан болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг хийхээр тусгасан байна. Байгаль орчны үнэлгээг хийсэн атлаа хүний эрүүл мэндэд нөлөөлөх талаарх үнэлгээ тун тааруу байна хэмээгээд хүний эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээг сайжруулах талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Сандаг-Очир, хуулийн төслийг богино хугацаанд хэлэлцэн баталж байгааг тэмдэглээд төсөл хөтөлбөрийн ач холбогдлыг нийтээрээ ойлгож, цаг нь ирэхээр аливаа төсөл эхэлдэг гэдгийг харуулж байна гэв. Цаашид гэрээг үр ашигтай байгуулахад анхаарч ажиллах талаар саналаа хэллээ.
Түүний дараа Байнгын хорооны бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар эцэслэн батлах санал гаргав. Нэгдсэн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэж байх хооронд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангасны дараа өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг эцэслэн батлахаар тогтов.
Түүний дараа “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийн оршил хэсэгтээ “Монголын ард түмэн бид Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн тунхагласан нь Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сахин биелүүлэхийн үндэс болсон. Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа дээдэлж, түүний агуулга, үзэл санааг ойлгож, өрх бүр дээдлэн залахыг уриалж, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг тайлбарлан таниулах, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх, “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгын хүрээнд төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төрийн байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийн агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах; Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулж сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалах зохицуулалтыг тусгасан байна. Мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах, уг тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Үндсэн хуулийг тунхаглалын шинж чанартай биш, залуучууд хойч үедээ Үндсэн хуулийн үзэл санааг бага наснаас нь ойлгуулах, бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт тодорхой тусгаж, эргэх холбоог нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Үндсэн хуулийн үзэл санаа боловсролын байгууллагын хөтөлбөрт одоо хэрхэн туссан, түүнийг сайжруулах талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа эсэх, хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах бус үүрэгжүүлэх боломжтой эсэх талаар асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Алтангэрэл нар Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлүүлэх хүрээнд “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, саналаа хэлсэн.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Үндсэн хуульт ёсоо эрхэмлэн дээдлэж, иргэд нь хуулиа мэддэг, эрх мэдэлтнүүд түүний үзэл санаанд үнэнч зүтгэдэг байх ёстой. Энэ удаагийн парламент Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” шийдвэрийг гаргаж буй нь Монгол Улс ардчилсан засаглалтай, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл баримтлалдаа туйлбартай зогсож чадаж буйн илэрхийлэл хэмээгээд төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь дэмжиж батлав.
Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найрууллагыг танилцууллаа. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжин, баталлаа. Тус хуультай хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Тод мэдээ2022/06/27
Технологийн компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа
-
Тод мэдээ2022/06/07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн ...
-
Тод мэдээ2022/05/23
Нарны замын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана
-
Тод индэр2021/09/11
Д.Баянцэцэг: Миссүүдийн маань амжилт бидний ажлын үр дүн болдог