Дэлхий нийтээр..
ЗГ: Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гарагт болж, Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах дунд хугацааны зорилтод хөтөлбөр юм.
Шинэ сэргэлтийн бодлогыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.
Энэ бодлого хэрэгжсэнээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилтууд хангагдаж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өснө. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувь, дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувь 13 хувиар өсөж 85 хувь болно гэж үзэж байна.
Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тус бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн төслийн жагсаалтыг хавсаргалаа.
Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолыг 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр төслийг боловсруулсан байна.
Дэлхий нийтээр..
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
-
Дэлхий нийтээр..2022/08/23
УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
-
Чөлөөт бүс2019/05/30
"Welcome to Mongolia" видео ялагчаар тодорлоо
-
Дэлхий нийтээр..2022/01/27
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Дэлхий нийтээр..2022/03/29
350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой байна
