Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн барилаа. Тус төслийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гарагт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.
Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг хямралд орж 2020 онд 4.6 хувиар агшсан. Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ нээгдэж, эдийн засаг аажмаар сэргэж байгаа ч коронавирусын шинэ хувилбарууд гарч эдийн засагт тодорхой бус байдал хэвээр, хямралаас бий болсон хохирлыг нөхөж чадаагүй, эдийн засгийн салбарууд эмзэг байна.
Цаашид зах зээл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэж, цар тахлын өмнөх эдийн засгийн өсөлтдөө хүрэх, түүнчлэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, өсөлтийг хурдасгах шаардлага тулгараад байна. Иймд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулан Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чөдөр болж буй үндсэн зургаан хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхээр тусгалаа гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэн баталж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ.
Шинэ сэргэлтийн бодлого нь хөгжлийг хязгаарлагч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, өсөлтийг хүний хөгжилд чиглүүлэхэд оршино.
Тогтоолын төсөл нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах замаар эдийн засгийн суурийг тэлэх, урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хуралд үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт гэсэн нийт таван хавсралттай байна.
Баримт бичгийн төсөлд тусгагдсан төсөл, арга хэмжээг тодорхойлохдоо хэрэгжихүйц бөгөөд хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжилтийн цаглабарыг оновчтой тооцсон байх зэрэг төлөвлөлтийн үндсэншалгуурыг баримталснаас гадна зорилтот түвшин, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хамтад ньтооцсон. Экспортыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн суурийг тэлэх, түүнд саад болж байгаа хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах, хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилтыг тус тус харгалзан үзэж тусгажээ.
Хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаад буй голлох саад бэрхшээлүүд болох санхүүжилт, тендер сонгон шалгаруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, татвар, газар, зөвшөөрөл олгох үйл явц зэргийг оновчтой, шуурхай болгох зорилт, арга хэмжээ туссан.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж цар тахлын сөрөг нөлөөг бууруулснаар Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” дунд хугацааны бодлогын зорилтот үр дүнд хүрэх нөхцөл бүрдэх юм.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.
“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр “Алсын хараа-2050”-ын эхний үе шатад эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувийг 13 хувиар өсгөж, хүлэмжийн хийн ялгаралтыг 22 хувиар бууруулна.
Хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлс арилж, эдийн засгийн цар хүрээ тэлснээр ажлын байр нэмэгдэж, монгол хүний цалин орлого өсөж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирна. Улмаар чинээлэг дундаж давхарга тэлж, иргэдийн амьдралын чанар сайжирна гэж үзэж байна.
Тод мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэллээ.
Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.
Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.
Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.
Тод мэдээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.
Тод мэдээ
ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ
“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ.
МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодоруулбал “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.