Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүйгээр чөлөөтэй ажиллах боломж олгоно гэдэг бодит дэмжлэг гэв

Огноо:

,

Сэтгүүлч:

Энэ жилээс эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдсэн. Тодруулбал, 74 төрлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг бүрдүүлж өглөө. Чухам яагаад 74  төрлийн ажил үйлчилгээг онцолсон талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тайлбарлахдаа:

-Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагуудын зүгээс хэм хэмжээндээ тохируулан зөвшөөрөл олгодог нийтдээ 82 төрлийн үйлчилгээ байдаг. Эдгээрээс зайлшгүй авч үлдэх найман төрлийн үйлчилгээнээс бусдыг зөвшөөрөл, батламжаас  чөлөөлсөн. Энэхүү 74 төрлийн ажил үйлчилгээ нь манай Улаанбаатар хотын олонх иргэдийн хувьд өдөр тутмын орлогын эх үүсвэр төдийгүй жижиг, дунд үйлдвэрлэгчдийн эрхэлж буй ажил үйлчилгээ багтаж байгаа. Ингэснээр төрийн хүнд суртал, авлигыг багасгахын сацуу ард иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэж, төр иргэний гүүр болж буй байгууллагуудын тухайд ч итгэлцэл үүсэх эв нэгдлийн эхлэл тавигдаж байгаа.

Энэ бол иргэд, аж ахуйн нэгжээ дэмжсэн шиг дэмжье гэдэг сэтгэлийн үүднээс гаргасан шийдвэр. Монгол Улс жил бүрийн эцэст шалгаруулдаг авлигын индексийг бууруулах марафонд дээгүүр “гүйдэг”, амжилттай байр эзэлдэг байх ёстой. Алийн болгон 100-аас доош байрт жагсаж, адаг сүүл хавьд  байх вэ. Бид иргэд, аж ахуйн нэгжүүддээ үйл ажиллагаа эрхлэх боломжит орчин бүрдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн хямд эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хангаж, арилжаа санхүүгийн байгууллагатай холбож өгөх гүүр нь нийслэл болъё, старт ап компаниудыг  дэмжье, ажлын байрыг бодитойгоор нэмэгдүүлье гэсэн зорилго тавьсан. Товчхондоо бол, Улаанбаатар хот хөдөлмөрийн  зах зээл болно, хөдөлмөр хийсэн хүнийг дэмждэг болно хэмээн өгүүллээ.

Энэхүү шийдвэр гарснаар Улаанбаатар хотын 20 мянга шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхийн тулд элдэв зөвшөөрөл авах, цаашид зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй боллоо. Ингэснээр бодит хэмнэлт, үр дүн гарна гэж мэргэжилтнүүд тооцжээ. Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд төрийн зарим байгууллагын зүгээс дарамт шахалт их байдаг. Тэр дундаа цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд төвөг учруулдаг. Эдгээр хяналт, шалгалтыг халж чадсан эсэх талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дараах хариултыг өгөв.

-Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар нийслэлийн хэмжээнд хавтгайруулсан хяналт шалгалтыг халж, эрсдэлд суурилсан шалгалтыг л явуулж байхаар тусгасан. Хяналт шалгалт гэдэг бол аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Тиймээс тухайн объектын эрсдэлд суурилж шалгалт явуулахын дээр зөрчил илэрсэн тохиолдолд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх юм. Торгох, үйл ажиллагааг нь зогсоох бус, зөвлөдөг, тусалдаг, дэмждэг байхад ажлаа чиглүүл, хяналт шалгалтын тоог 50 хувиар бууруул гэдэг үүргийг холбогдох албаныханд өгсөн хэмээн тодотголоо.

Иргэн  хүнсний худалдааны төв ажиллуулахад есөн төрлийн бичиг баримт бүрдүүлдэг бөгөөд нэг бичиг баримт байгууллагын дотоод журам, шаардлагаас шалтгаалан 4-5 бичиг болж нэмэгддэг.  Гарын үсэг болгоны цаана цаг хугацаа, хүнд суртал, шат дамжлагууд байдаг. Энэ бүхэн энэ оноос эхлэн үгүй болж байгаа юм. Үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл шаардлагагүй болсон нь нэг талаараа бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж буй хэлбэр, нөгөө талаараа иргэдийн дунд түгээмэл ойлголт болсон  төрийн хүнд суртал, авлигатай тэмцэхэд ахиц гаргах шийдвэр юм. Харин иргэд хууль тогтоомжоо судалж уншиж, стандарт шаардлагаа мөрдөх л шаардлагатай байна. Хотын зүгээс олгож буй боломжийг ашиглан үйл ажиллагаандаа стандартаа мөрдөөд ажиллах л үлдээд байна гэсэн үг.

Монгол Улсын хэмжээнд нийтдээ 6602 стандарт мөрдөгддөг. Тэдгээрээс өөрийн эрхэлж буй үйл ажиллагаандаа тохирсон стандартыг  сонгон, ажил үйлчилгээндээ мөрдлөг болгох нь чухал байгаа юм. Estandart.mn  болон www.ulaanbaatar.mn цахим сайтуудаас эдгээр стандарттай танилцаж болно. Түүнчлэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны Онлайн бизнес төв цэсэд бизнес эрхлэхтэй холбоотой бүхий л төрлийн мэдээлэл багтсан байгаа. Стандарт шаардлага салбар бүрд ямар ялгаатайг, мөн ямар хуулийн дагуу ажиллах вэ гэх мэт мэдээллүүд цөм багтсан. Нийслэлийн зүгээс цаашид ч шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь тус цахим хуудсаар дамжуулан иргэдэд хүргэнэ. Иймд иргэд хэн нэгэнтэй уулзаж, ямар бичиг баримт бүрдүүлэх тухай асуухын оронд www.ulaanbaatar.mn цахим хуудасны Онлайн бизнес төв цэсэд нэвтрэн бүхий л мэдээллээ авч, мэдээллийн бааз суурийг идэвхтэй ашиглаж  заншаарай.

Иргэд ажилтай, орлоготой байх нь улс хөгжих нэг шалтгаан. Ингэхийн тулд төрийн дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ эд материал, эдийн засгаар дэмжих гэхээсээ илүү баталгаатай, орлоготой ажлын байрыг бий болгож, түүнийг нь төр дэмжих нь хамгийн оновчтой “халамж” юм. Энэ бодлогыг Нийслэлийн Засаг дарга эрхэмлэж, бизнес эрхлэх хүсэлтэй хэн болгонд ийм боломж өглөө. Бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүйгээр чөлөөтэй ажиллах боломж олгоно гэдэг бодит дэмжлэг. Нөгөө талдаа худалдаа үйлчилгээ эрхлэгчид хариуцлагатай байхад л чөлөөтэй ажиллах орчин нь бүрдчихлээ. Эрүүл ахуй, орчны аюулгүй байдлыг хангачихсан байхад хэн ч,  ямар ч үйл ажиллагаа эрхэлж болох юм. Зөвшөөрлөө үзүүл гэж шаарддаг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын дарамт үгүй болох нь бизнесийн байгууллагад маш том дэмжлэг юм. Гэхдээ үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа, үйл ажиллагаа эрхэлж байгаа хэн бүхэн хариуцлагаа умартаж болохгүй.

Татварын албанд бүртгүүлж, стандартын шаардлага хангаад, зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулж болох 74 худалдаа, үйлчилгээний төрөлтэй танилцана уу.

 А. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас үзүүлж буй худалдаа, үйлчилгээний гэрээ байгуулж батламж олгож буй 62 нэр төрлийн үйлчилгээ:

Худалдаа:

  1. Бөөний худалдааны төв;
  2. Агуулах дэлгүүр;
  3. Худалдааны төв;
  4. Зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/;
  5. Их дэлгүүр;
  6. Хайпермаркет;
  7. Супермаркет;
  8. Үзүүлэнгийн танхим;
  9. Аутлет;
  10. Бутик;
  11. Минимаркет;
  12. Хүнсний дэлгүүр;
  13. Ая тухтай сүлжээ дэлгүүр /конвиниенс стоор/;
  14. Төрөлжсөн барааны дэлгүүр;
  15. Мухлаг
  16. Түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/;
  17. Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;
  18. Дахивар худалдан авах цэг.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:

  1. Ресторан;
  2. Баар /диско, билльярд, караоке, бусад/;
  3. Кафе;
  4. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;
  5. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар;
  6. Кофе шоп
  7. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

Ахуйн үйлчилгээ:

  1. Үсчин;
  2. Гоо засал;
  3. Хумс засал;
  4. Хувцас захиалга, засвар;
  5. Гутал захиалга, засвар;
  6. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар;
  7. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;
  8. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;
  9. Цүнх захиалга, засвар;
  10. Нүдний шил захиалга, засвар;
  11. Цоож, түлхүүр засвар;
  12. Цаг засвар;
  13. Хими цэвэрлэгээ, угаалга;
  14. Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;
  15. Гэр цэвэрлэх үйлчилгээ;
  16. Айл нүүлгэх үйлчилгээ;
  17. Эд бараа түрээслэх үйлчилгээ;

Зочлох үйлчилгээ:

  1. Зочид буудал;
  2. Дэн буудал;
  3. Жуулчны бааз;
  4. Амралтын газар;
  5. Гэр буудал;

Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ: 

  1. Нийтийн халуун ус;
  2. Саун;
  3. Бассейн;
  4. Чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спиннинг, аэробик, иог, бүжиг гэх мэт/;
  5. Алжаал тайлах төв /иллэг/;
  6. Нийтийн бие засах газар.

Авто үйлчилгээ:

  1. Авто засвар /агрегат, кузов/;
  2. Дугуй засвар;
  3. Автомашины угаалга;
  4. Автомашины доторлогоо;
  5. Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;
  6. Авто зогсоол /битүү, ил/;

Тоглоомын төв:

1.цахим;

2.хүүхдийн,

Нийтийн байрны үйлчилгээ:

Б. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ: 

  1. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  2. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  3. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  4. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  5. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  6. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

В. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ: 

  1. Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драм, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
  2. Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
  3. Биллъярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  4. Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  5. Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  6. Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Тод индэр

Ц.Жамбалдорж: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь тогтвортой хөгжлийг хурдасгах хөшүүрэг гэдгийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна.

Энэхүү уулзалтын талаар УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдоржоос тодрууллаа.

-Та энэхүү чуулга уулзалтын тухай ерөнхий мэдээллээ өгнө үү?

-НҮБ-ын бүх гишүүн орнууд Тогтвортой хөгжлийн төлөө  2030 он хүртэл ажиллах  мөрийн хөтөлбөр буюу Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2015 онд Ерөнхий ассамблейн 70-р чуулганаар баталсан. Үндсэндээ Шинэ мянганы эхэн дээр зарлаж байсан Мянганы хөгжлийн зорилтуудын үргэлжлэл болгож энэ хөтөлбөрийг баталсан. НҮБ-ын гишүүн 193 улс хамтран дэлхий даяар хамгийн өргөн хүрээг хамарсан зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, ирэх 15 жилийн хугацаанд буюу 2030 он гэхэд улс орнууд хамтдаа хөгжилд хүрэхийн төлөөх зорилтуудаа тодорхойлсон юм.  Ядуурлыг арилгахаас эхлээд зорилгуудаа хэрэгжүүлэх хамтын ажиллагаа хүртэлх нийт 17 зорилгыг ямар нэгэн эрэмбэ дараалалгүйгээр зарласан байдаг. Монгол Улс мөн ялгаагүй тогтвортой хөгжлийн зорилгуудаа тодорхойлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд тасралтгүй ажиллаж байна. 2016 онд Монголын тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан байдаг.

Энэ зорилгуудыг хэрэгжүүлэхэд зөвхөн төр засгийн түвшинд ярилцаж, үүрэг хүлээх биш иргэн бүр, аж ахуй нэгжүүд, ТББ-ууд, эрдэмтэн судлаачид, институтууд гээд бүхий л оролцогч талуудын хүчин чармайлт, оролцоо нэн чухал гэдгийг хэлсээр ирсэн. Энэ ч утгаараа дэлхийд нэр хүндтэй Стэнфордын их сургууль тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх, хүрэх үйл явцыг түргэтгэх ажилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ агуулгын хүрээнд өнгөрсөн онд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг Бан Гы Мун сантай хамтран БНСУ-д зохион байгуулсан. Тус чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар   үндсэн илтгэгчээр оролцож байсан. Харин энэ жилийн Азийн бүсийн тогтвортой байдлын яриа хэлэлцээг УБ хотноо энэ сарын 13-14 өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

-“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” хэмээн энэ удаагийн чуулга уулзалтын сэдвийг сонгосон байна. Энэ тухай тайлбарлаж өгнө үү?

-Өнгөрсөн жилийн БНСУ-д болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт уур амьсгалын өөрлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүд боловсруулах, залуу үеийнхний оролцоо гэсэн агуулгын хүрээнд өрнөсөн бол энэ жилийн чуулга уулзалт зохион байгуулж буй бүс нутгийн онцлог, оролцох улс орнуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс шалтгаалан хэлэлцэх сэдэв, чуулга уулзалтын зорилтоо тодорхойлж байгаа юм. Тэр дундаа Тогтвортой хөгжлийн зорилгын 5-р зорилго болох жендэрийн эрх тэгш байдлыг хангах агуулгыг онцолж, тогтвортой хөгжлийг хурдасгах хөшүүрэг гэж энэ удаагийн чуулганаар тухайлан хэлэлцэх болно.   

Өөрөөр хэлбэл, тогтвортой нийгэм, ирээдүйг бүтээхэд жендерийн эрх тэгш байдлыг хангах нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч гэж үзэж байна. Дэлхийн олон улс оронд  жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байсаар байна. Монгол Улсад шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар байр суурь хүчтэй яригдаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдийн жагсаалтад эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх бодлогыг улстөрийн намууд баримталж байгаа. Энэ бүх тохироо нөхцөл бүрэлдсэн цаг үед олон улсын чуулга уулзалтыг яг энэ сэдвийн дагуу зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж байгаа бол эмэгтэйчүүдийн манлайллын замналд ахиц дэвшил гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.

Үүний зэрэгцээ  Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаар салбар хуралдаан болж, Алтай дамнасан орнуудын соёл, түүх, уламжлал, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцэнэ.

-Чуулга уулзалтад хүрэлцэн ирэх хүндэт зочдыг танилцуулахгүй юу?

-БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын нийт 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирнэ. Олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.

-Итгэлийн сэдвүүдийн талаар товч танилцуулбал?

-Чуулга уулзалтын 13-ны өдөр гол илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлгүүд өрнөнө.  Тухайлбал, Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор, магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка боловсролын салбар дахь жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавина. Мөн Эва Их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун Шил Ким тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллана. Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид болон бусад улс орнуудын эрдэмтэд Жендерт суурилсан хүчирхийлэл, Хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцож илтгэгч, чиглүүлэгчээр оролцох юм. Энэ бүхнээс бодлогын шийдлүүдийг гаргах нь чуулганы эцсийн зорилго юм. Манай улстөрийн намууд, иргэний нийгэм,  төрийн байгууллага, олон улсын байгууллагын  төлөөлөл болон Элчин сайдууд, Алтай судлалын эрдэмтэд зэрэг гадна, дотны 200 гаруй хүн оролцоно гэж төлөвлөж байна.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай уулзаж байна

Огноо:

,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа Соёлын сайд Ч.Номин,  Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын хамт соёл урлагийн салбарынхантай хийж байна.

Уулзалтад  Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг  байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож,  Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар  ярилцан, санал солилцож байна.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэм дээд Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай тавдугаар сарын 25-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

Энэ хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө, аж ахуйн салбарт Саудын Арабын хөрөнгө оруулалтыг татах, манай улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, аялал жуулчлалыг харилцан дэмжих, оюутан солилцох сонирхолтой байгааг илэрхийлээд ногоон хөгжлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавив.

Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад идэвхижүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хоёр улсын ГХЯ-д хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг ийнхүү тавьж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Өнөөдөр15 цаг 28 минут

АНХААР: Авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг түр хаана

Өнөөдөр19 цаг 50 минут

"Суу, нуугд, хүлээ"

Өнөөдөр20 цаг 7 минут

АНХААР! Цугларах газрын байршлууд

Тод мэдээ20 цаг 27 минут

Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр ...

Тод мэдээ20 цаг 34 минут

Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна

Тод мэдээ20 цаг 40 минут

“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ...

Тод мэдээ20 цаг 43 минут

"Хасбанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга ...

Тод индэр21 цаг 5 минут

Ц.Жамбалдорж: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь тогтвортой хөгжли...

Тод мэдээ21 цаг 22 минут

Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа

Тод мэдээ21 цаг 29 минут

Зарлан мэдээллийн дуут дохиогоор нүүн шилжих дадлага сургууль өнөөдө...

Өнөөдөр21 цаг 35 минут

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Өнөөдөр21 цаг 40 минут

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан болно

Өнөөдөр22 цаг 7 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2023/06/07

Инфляцын түвшин 2023 оны 5 дугаар сард 11.3 хувьтай гарлаа

Тод мэдээ2023/06/07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, н...

Тод мэдээ2023/06/07

Нийслэл дэх “Соёлын сэргэлт 2023” аяны хаврын хаалт болл...

Тод мэдээ2023/06/07

2023 оны "Эрдэм хакатон"-ы шилдэг төслүүд тодорлоо

Тод мэдээ2023/06/07

Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион ба...

Тод мэдээ2023/06/07

Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөл...

Тод мэдээ2023/06/07

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2023/06/07

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2023/06/07

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Өнөөдөр2023/06/07

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Тод мэдээ2023/06/06

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон б...

Тод мэдээ2023/06/06

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга...

Тод мэдээ2023/06/06

Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж...

Тод мэдээ2023/06/06

Ойд төөрсөн хүүг олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө

Тод мэдээ2023/06/06

Пол Ричард Галлагер, Б.Батцэцэг нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Тод мэдээ2023/06/06

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Тод мэдээ2023/06/06

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Санал болгох