Тод мэдээ
Өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж, Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг гаргалаа.
2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох гурван эрх аваад байгаа бөгөөд тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын төрөлд тус бүр нэг эрх авах магадлалтай байна.
Монгол Улсын Засгийн газар Үндэсний шигшээ багийн тамирчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэн “Токио-2022” зуны олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад мөн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосон юм.
Тод мэдээ
“Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдэвт олон улсын бүсийн хэлэлцүүлэг боллоо
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр нэгдэж орсны 50 жилийн ойн хүрээнд Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын сүүний холбоо, Энэтхэг улсын Ямаа судлалын төв хүрээлэн, Бангладеш улсын Мал аж ахуйн үйлчилгээний газар, Индонези улсын Үндэсний судалгаа шинжилгээ, инновацын агентлаг, Хятад улсын Мал аж ахуйн ассоциаци, Израйл улсын Сүүний сургуультай хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд 2023 оны тавдугаар сарын 30-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Энэтхэг улсын Ямаа судлалын Төв хүрээлэнгийн захирал, доктор Маниш Кумар Чатли нар үг хэлэв.
Бүс нутгийн цахим хэлэлцүүлгийг Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар хөтлөн явууллаа. Цахим хэлэлцүүлэгт Энэтхэг улсын Ямаа судлалын төв хүрээлэнгийн захирал, доктор Маниш Чатли “Энэтхэгийн ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Бангладеш улсын Загас, мал аж ахуйн яамны Мал аж ахуйн үйлчилгээний газрын Малын үржлийн нэгжийн эрхлэгч, доктор Голам Азам “Бангладешийн ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Хятад улсын Мал аж ахуйн ассоциацийн Ямаа судлалын салбарын шинжээч, Баруун хойд Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны сургуулийн профессор, доктор Сонг Юушуань “Хятадын ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Индонези улсын Үндэсний судалгаа, шинжилгээ, инновацын агентлагийн ахлах судлаач, доктор Лиза Прахарани “Индонезийн ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик нөөцийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Ц.Мөнхнасан “Монгол Улсын ямааны аж ахуй, тулгамдсан асуудал, хөгжлийн боломж” сэдвээр, Израйлын туршлага, сүүний сургуулийн зөвлөх, доктор Хайм Лейбович “Израйлын ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр тус тус илтгэл тавьж мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлэгт Монгол, Энэтхэг, Индонези, Хятад, Бангладеш, Израйл, Филиппин, Тайланд, Казакстан, Турк, АНУ, Бельги, Непал, Кени, Бутан улсаас 40 гаруй хүн цахимаар оролцсон юм.
Хэлэлцүүлгээс дүгнэхэд, Ази тивд ямааны тоо толгойгоор тэргүүлэгч улс орнуудын аж ахуй, сүү үйлдвэрлэл нь зах зээлийн эргэлтэд зохистой орж чадаагүй, өрхийн аж ахуйд хэт суурилсан, малын үржлийн ажил үйлчилгээ дутмаг, санхүүгийн дэмжлэг сул, нийлүүлэлтийн болон нэмүү өртгийн сүлжээ бүрдэж чадаагүй, тэжээлийн зардал өндөр, бүтээгдэхүүн хөгжүүлэлт сул, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдаагүй зэрэг олон нийтлэг асуудал тулгарч байна. Гэхдээ Ази тив нь дэлхийн ямааны сүү үйлдвэрлэлийн 56 хувийг бүрдүүлж, цаашид сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байна. Ямааны сүү нь хүний эрүүл мэндэд нэн тустай, шим тэжээллэг чанартай тул бодлогоор анхаарч хөгжүүлэх шаардлагатай байна.
Хэлэлцүүлгээс Азийн улс орнууд үр ашигтай ямааны аж ахуйн мэдлэг, туршлагыг харилцан судлах, салбарын судалгаа шинжилгээг дэмжих байнгын ажлын хэсгийг Ази тивийн сүүний түншлэлийн хүрээнд байгуулах, бүс нутгийн ямааны аж ахуйг тогтвортой хөгжүүлэх чиглэлд цаашид хамтран ажиллахаар тогтлоо.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
Сайдын нэрэмжит “Грант” горилж буй бүтээлүүдийг танилцууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хуралдаж, Сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн бүтээлүүдтэй танилцлаа.
Сайдын нэрэмжит Грантыг тус салбар зөвлөлөөс 2014 онд санаачлан эхлүүлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтад салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчдээс
Целлюлолит, Цеопит бэлдмэл
Грийн бэлдмэл
Монбатацид биобэлдмэл
Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах нь
Орон нутгийн брэнд хөгжүүлэлт
Монгол авга брэнд бүтээгдэхүүн
Бортогонд модлог ургамлын үрийг тарих хагас автомат шугамын хийц, зохион бүтээлт зэрэг нийт 7 бүтээл ирүүлсэн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
УИХ: Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа.
Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсантай холбоотойгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, энэхүү өөрчлөлт бол 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үргэлжлэл гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт олон үр дүн өгөх бөгөөд маргаашаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэж эхэлнэ гэж цохон дурдаад, тус өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын тухай, түүний чуулганы хуралдааны дэгийн тухай, улс төрийн намын, сонгуулийн тухай зэрэг олон хуульд шинэчлэлт, өөрчлөлт хийгдэнэ. Ингэж байж энэ өөрчлөлт цогц шинэчлэлт болж чадна гэлээ. Тэрбээр, өнөөдөр Монголын нийгэмд томоохон шилжилт хийгдэж байна гэж үзэх ёстой хэмээн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн ач холбогдлыг дүгнэн хэлээд, ард түмэн өнгөрсөн 30 жилийн алдаанаасаа суралцсан, буруугаа илчилдэг, нийгмийн асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг, шударга бустай үл эвлэрдэг, илүү хэрсүүжсэн, илүү үнэн зөв, шударга ёсыг хүсэмжилж байгааг бид энэхүү Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх үеэр харлаа. Нийгмийн эрмэлзэл, хүсэл зоригийг сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үүрэг юм гэсэн юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, төр иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд зориуд зохион байгуулалттайгаар халдаж, парламентын ардчиллыг мохоож буй гадаад, дотоодын шунахай бүлэглэлүүдэд тэдний буруу булхайг илчилж байгаа явдал таалагдахгүй байгаа. Монголын төр тэрхүү шударга бусын хариуг өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныхаа нэгэн адил шийдвэртэй үзүүлж, тод томруун харуулах ёстой гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
Өнөөдөр2021/10/13
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчид нэгдлээ
-
Өнөөдөр2019/08/09
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт ...
-
Өнөөдөр2022/06/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Өнөөдөр2023/05/24
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө16 хэм дулаан
Сэтгэгдэл