Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Монголын сэтгүүлчид Дэлхий дахинаа

Огноо:

,

Сэтгүүлч:

МСНЭ-ИЙН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ, ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ УЛС, ОРНУУД

  • МСНЭ нь Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны бүрэн эрхэт гишүүн /1998 он/

  • Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /IFJ/ Ази номхон далайн орнуудын бүс нутаг хариуцсан зөвлөхөөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр /2019.06.14/

  • Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /IFJ/ Жендерийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр, МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг  /2019.06.14/

  “Бүс ба зам” мэдээллийн сүлжээ Олон улсын сэтгүүл зүйн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн  МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр  /2019.04.25/

  • Ази номхон Далайн сэтгүүлчдийн холбоог үүсгэн, санаачлагч МСНЭ /2019 он/

МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс  2019 оныг “Гадаад харилцааны жил” болгон зарласантай холбоотойгоор МСНЭ нийт 30 улстай хамтран ажиллах гэрээ байгуулж, дөрвөн оронтой холбоо тогтоогоод байна.

1. МСНЭ. Оросын Сэтгүүлчдийн холбоо хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2018.11.14/

2. МСНЭ, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо хооронд байгуулсан санамж бичгийг шинэчлэн баталлаа. /2018. 09.06/

3. МСНЭ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн хооронд байгуулсан санамж бичгийг шинэчлэн баталлаа. /2018.09.06/

4. МСНЭ, Солонгосын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. /2014. 01./

5. МСНЭ, Беларусын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. /2018.09.14/

6. МСНЭ, Энэтхэгийн сэтгүүлчдийн холбоотой  хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.06.14/

7. МСНЭ, Арабын Нэгдсэн Эмиратын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.06.14/

8. МСНЭ, Африк тивийн болон Суданы сэтгүүлчдийн холбоотой  хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. /2019.06.14/

9. МСНЭ, Тунисийн сэтгүүлчдийн  холбоотой  хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.06.14/

10. МСНЭ, Польшийн хэвлэл мэдээллийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.06/

11. МСНЭ, Арабын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.06/

12. МСНЭ, Африкийн сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.06/

13. МСНЭ, Украйны Сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.06/

14. МСНЭ, Индонезийн цахим хэвлэл мэдээллийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.06/

15. МСНЭ, Казахстаны Сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.06/

16. МСНЭ, Кыргызстаны Сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.06/

17. МСНЭ, ОХУ-ын Хэвлэл мэдээллийн Холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.06/

18. МСНЭ, БН Халимаг Улсын Сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.06/

19. МСНЭ, ОХУ-ын Эрхүү мужийн "Байкал" ашгийн бус байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.06/

20. МСНЭ, БН Якут (Саха) улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.06/

 21. МСНЭ, Бүгд Найрамдах Болгар улсын Сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.21-27/

22. МСНЭ, Бүгд Найрамдах  Дагестан  улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.21-27/

23. МСНЭ, Бүгд Найрамдах  Чечень  улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.21-27/

24. МСНЭ, Бүгд Найрамдах  Абхази улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.21-27/

25. МСНЭ, Бүгд Найрамдах  Кабардино-Балкари  улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.21-27/

26. МСНЭ, Бүгд Найрамдах  Алтай улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.21-27/

27. МСНЭ, Бүгд Найрамдах  Башкортстан  улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.21-27/

28. МСНЭ, Бүгд Найрамдах  Тува  улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.21-27/

29. МСНЭ, Красноярын хязгаар, Челябинск мужийн сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.21-27/

30. МСНЭ Ханты-Майсийскийн автономит тойрог Юграгийн   сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.  /2019.09.21-27/

Гадаад харилцааны чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлууд

2018.03.06. МСНЭ-ийн төлөөлөл Дэлхийн сэтгүүлчдийн чуулга уулзалтад оролцлоо.

2018.3.23. “Сэтгүүлч ба Элчин сайдууд” уулзалтыг анх удаа зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсад суугаа 28 улсын Элчин сайдууд, олон улсын байгууллага, Дипломат төлөөлөгчдийн газрын суурин төлөөлөгчид, 100 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд оролцлоо.

2018.03.28. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албаны урилгаар айлчлал хийлээ.

2018.04.05. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд И.Бродски нар хамтын ажиллагааны чиглэлээр албан уулзалт хийв.

2018.04.30. Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдтай сэтгүүлчдийн зангиагүй уулзалтыг зохион байгуулав.

2018.05.01. Якутын Сэтгүүлчдийн холбооны 20 сэтгүүлч МСНЭ болон Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэд хөгжилтэй танилцаж, хэвлэл мэдээллийн редакцуудтай танилцан туршлага судалж, санал солилцсон юм.

2018.05.20-26. БНХАУ-ын Төрийн зөвлөл, хэвлэл мэдээллийн албаны урилгаар МСНЭ, ГХЯ хамтран зохион байгуулан 50 сэтгүүлчдийн хамт БНХАУ-д айлчиллаа.

2018.6-6-13. Өөрчлөлт шинэчлэлт-40 жил "Бүс ба зам" төслийн хүрээнд Хятад Улс дахь аялалд Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан баг оролцож, сурвалжилга зохион байгуулав.

2018.6-21-27. БНСУ болон Монгол Улсын сэтгүүлчдийн хамтын ажиллагааны таван жилийн ойгоор БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Монгол Улс дахь ээлжит айлчлалыг Улаанбаатар хотноо хүлээн авав.

2018.08.02-05. БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Монгол Улс дахь ээлжит айлчлалаар хамтран ажиллах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвар бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг бий болгоход харилцан дэмжлэг үзүүлэх, сэтгүүлч болон контент солилцох зэрэг олон асуудлаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

2018.09.06-07. Монгол Хятадын хэвлэл мэдээллийн есдүгээр форумыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулав.

2018.09.06. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах санаачилгыг дэмжих зорилгоор МСНЭ-ийн санаачилгаар Монгол-Орос-Хятад гурван улсын хамтарсан Хэвлэл мэдээллийн форум зохион байгуулахаар санал солилцож дэмжигдлээ.

2018.09.10-14. Беларусь Улсын Минск хотноо зохион байгуулагдсан Олон Улсын 13 дахь Медиа Форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч, төлөөллүүд оролцлоо.

2018.09.14. МСНЭ, Беларусын Сэтгүүлчдийн холбоо Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2018.10.03-09. БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны урилгаар МСНЭ-ийн удирдлагууд БНСУ-д албан айлчлал хийв. Энэ үеэр МСНЭ Сөүл хотод салбар оффисоо нээв.

2018.10.08-24. “Дэлхийн Монгол Сэтгүүлч” мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн дор МСНЭ, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы Багшийн их сургуультай хамтран залуу сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Хөх хотноо зохион байгууллаа.

2018.10.11-17. ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны урилгаар МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар ахлуулсан сэтгүүлчдийн баг БНХАУ-ын Чүнчинь хотод албан айчлал хийлээ.

2018.10.16.  БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Виз хариуцсан консул, нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Кил Кан Мугтай МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр, дэд ерөнхийлөгч Х.Батхишиг нар уулзлаа. Тус уулзалтаар сэтгүүлчдэд БНСУ-ын олон удаагийн визний журам болон асуудлаар санал солилцож, сэтгүүлчийн олон удаагийн визийг олгож эхлэв.

2018.11.05-09. МСНЭ, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтын ажиллагааны хүрээнд МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн Д.Бямбацэцэгээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг БНСУ-тай танилцах, сурвалжлах зорилгоор айлчлал хийлээ.

2018.11.14. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Оросын Сэтгүүлчдийн холбооны урилгаар албан айлчлал хийж,  Москва хотноо МСНЭ Оросын Сэтгүүлчдийн холбоо хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.

2018.11.16. Оросын Сэтгүүлчдийн холбооны 100 жилийн ойд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэндчилгээ дэвшүүллээ.

2018.12.24. БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намын урилгаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр тэргүүтэй сэтгүүлчид санал солилцох чөлөөт уулзалт зохион байгууллаа.

2019.02.25. Бельгийн нийслэл Брюссель дэх Олон улсын сэтгүүлчдийн холбооны /ОУСХ/ төв оффист Гадаад харилцааны жилийн нээлтээ хийлээ.

2019.02.26. Москва хотноо Оросын Сэтгүүлчдийн холбооны төв оффист албан ёсны уулзалт хийв.

2019.02.28. Бельгийн Хаант Улсад Монгол Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Очтой уулзаж, МСНЭ-ийн гадаад харилцааны зорилтыг танилцууллаа. Европын холбооны хэвлэл мэдээллийн албаар дамжуулан олон талт харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд туслалцаа үзүүлэхээ мэдэгдэв.

2019.03.01. Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /IFJ/ төв оффист зочилж Ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Беланжертай албан уулзалт хийв. Уулзалтаар Тунис Улсад болох ОУСХ-ны ээлжит конгресст МСНЭ таван мандатын эрх авав.

2019.03.07. "Элчин сайд нар ба сэтгүүлчид" уулзалтаа ГХЯ-тай хамтран хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж, “Медиа Тур 2019” төслийн нээлт хийлээ.

2019.03.22. "Медиа Тур 2019" төслийн хүрээнд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдуудтай албан уулзалт хийв.

2019.03.24. Сөүл хотноо болсон Дэлхийн сэтгүүлчдийн бага хуралд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МСНЭ-ийн гадаад харилцааны зөвлөх Я.Индра, “gogo.mn” сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг нар оролцож, МСНЭ-ийн Ерөнхийлөгч тус бага хуралд анх удаа илтгэл тавилаа. Мөн Ази номхон далайн бүсийн орнуудын сэтгүүлчдийн холбоо байгуулах санаачлагчдын бүлэгт МСНЭ багтсан юм.

2019.04.11-18. МСНЭ-ээс санаачилсан “Медиа Тур 2019” төсөл болон Монгол-Хятад хоёр улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй “70 жилийн гэрч” хоёр улсын хамтарсан сурвалжилгыг ӨМӨЗО-ы Хөх хот, Ордос, Янь-Аньд зохион байгууллаа.

2019.04.16-20. "Азийн соёл, иргэншлийн хурал"-д гүйцэтгэх захирал Э.Болортулга оролцов.

2019.04.25. Эгнээндээ 82 орныг нэгтгэсэн “Бүс ба зам” мэдээллийн сүлжээ Олон улсын сэтгүүл зүйн байгууллагын Удирдах зөвлөлд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сонгогдлоо.

2019.05.14. МСНЭ-ийн санаачилгаар БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал Монголын сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ.

2019.05.23-05.30. “70 жилийн гэрч” сурвалжилгын цуврал аяллыг зохион байгуулав. Уг аяллаар ӨМӨЗО-ы Баяннуур, Үхай, Алшаа, Иньчуаньд Монголын 19 сэтгүүлч, ӨМӨЗО-ын найман сэтгүүлчдээс бүрдсэн баг сурвалжилга хийв.

2019.06.14. Бүгд Найрамдах Тунис Улсад болсон Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /IFJ/ ХХХ Их хуралд МСНЭ-ийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов. Хурлын үеэр Ази номхон далайн орнуудын бүс нутаг хариуцсан зөвлөхөөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр анх удаа, Жендерийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг хоёр дахь удаагаа улиран сонгогдсон юм.

2019.06.14. Тунист болсон Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /IFJ/ ХХХ Их хурлын үеэр МСНЭ Энэтхэгийн Сэтгүүлчдийн холбоо, Арабын Нэгдсэн Эмиратын Сэтгүүлчдийн холбоо, Африк тивийн болон Суданы Сэтгүүлчдийн холбоо, Тунисын Сэтгүүлчдийн холбоотой хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа.

2019.06.20. МСНЭ-ээс  БНСУ-д суугаа Монголын сэтгүүлчдийн төлөөллүүдтэй уулзаж БНСУ дахь салбар зөвлөл байгуулах талаар хэлэлцэж МСНЭ-ийн гадаад орон дахь анхны салбар зөвлөлөө байгууллаа.

2019.06.21. МСНЭ, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо хамтран хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан анхдугаар форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Форумд хоёр орны сэтгүүл зүйн хамтын ажиллагаа, сошиал орчин дахь хуурамч мэдээлэлтэй тэмцэх (Fact check), дижитал эрин дэх сэтгүүлзүйн ирээдүйн талаар хэлэлцсэн юм. Форумд Солонгосын 25 сэтгүүлч, хэвлэлийн төлөөлөгчид ирсэн ба Монголын хэвлэл мэдээллийн салбарын 75 төлөөлөгч нийт 100 гаруй сэтгүүлчид оролцов.

2019.06.26-28. МСНЭ, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны төлөөлөл Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.

2019.07.02-07. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн Х форум ӨМӨЗО-ы Ордос хотод зохион байгуулагдлаа. Энэ удаагийн форумд Монголын талаас төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын нийт 50 сэтгүүлчдээс бүрдсэн баг оролцлоо.

2019.07.08-14. Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Төрийн зөвлөл, хэвлэл мэдээллийн албаны урилгаар Монгол Улсын сэтгүүлчид Бээжин, Ганьсу, Жючюань хотод ажиллаж газар тариалангийн бүс нутагтай танилцав.

2019.07.09. Монгол Улсын Гадаад харилцааны яам, МСНЭ-ийн удирдлагууд болон сэтгүүлчдийн төлөөлөл Зүүн Ази-Латин Америкийн сэтгүүлчидтэй дугуй ширээний уулзалт хийлээ.

2019.09.06  МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувийн урилга, зардлаар 14 улсын 32 сэтгүүлч, сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд Монгол Улсад зочлов. Энэ үеэр МСНЭ нь Польшийн хэвлэл мэдээллийн холбоо, Арабын сэтгүүлчдийн холбоо, Африкийн сэтгүүлчдийн холбоо, Украйны Сэтгүүлчдийн холбоо, Индонезийн цахим хэвлэл мэдээллийн холбоо, Казахстаны Сэтгүүлчдийн холбоо, Кыргызстаны Сэтгүүлчдийн холбоо, ОХУ-ын Хэвлэл мэдээллийн Холбоо, БН Халимаг Улсын Сэтгүүлчдийн холбоо, ОХУ-ын Эрхүү мужийн "Байкал" ашгийн бус байгууллага, БН Якут (Саха) улсын сэтгүүлчдийн холбоо зэрэг 10 улстай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

2019.09.21-27. ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулсан Орчин үеийн сэтгүүл зүйн “Вся Россия-2019” XXIII форумд МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, доктор М.Зулькафиль, төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр МСНЭ нь Бүгд Найрамдах Болгар Улсын Сэтгүүлчдийн холбоо болон ОХУ-ын харьяа Бүгд Найрамдах улс болох Дагестан, Чечень, Абхази, Кабардино-Балкари, Алтай, Башкортстан, Якут (САХА), Тува болон Красноярын хязгаар, Челябинск муж, Ханты-Майсийскийн автономит тойрог Юграгийн Сэтгүүлчдийн холбоо зэрэг 12 сэтгүүлчдийн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?

Огноо:

,

Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.

Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.

Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.

Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.

Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.

Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.

Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.

Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.

Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.

Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.

Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.

Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.

Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.

Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.

Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.

Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.

Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.

Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?

Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна

Огноо:

,

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.

Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.

Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.

Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.

Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..15 цаг 9 минут

Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлө...

Дэлхий нийтээр..15 цаг 25 минут

БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ

Үйл явдал16 цаг 57 минут

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яа...

Дэлхий нийтээр..17 цаг 1 минут

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг б...

Үйл явдал17 цаг 5 минут

Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүд...

Үйл явдал17 цаг 15 минут

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу...

Үйл явдал17 цаг 20 минут

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжү...

Үйл явдал17 цаг 28 минут

Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа

Үйл явдал17 цаг 32 минут

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төсл...

Үйл явдал17 цаг 34 минут

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив

Үйл явдал17 цаг 38 минут

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна

Үйл явдал2026/06/04

Уламжлалт анагаах ухааны хөгжлийн бодлого, шинэчлэлийг хэлэлцэх үндэ...

Үйл явдал2026/06/04

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүр...

Үйл явдал2026/06/04

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг...

Үйл явдал2026/06/04

Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг...

Үйл явдал2026/06/04

Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ...

Үйл явдал2026/06/04

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Дэлхий нийтээр..2026/06/04

Европын Холбооны шүүх “мессенжер”-ийн талаарх шийдвэрийг хэвээр ...

Үйл явдал2026/06/04

Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...

Үйл явдал2026/06/04

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна...

Үйл явдал2026/06/04

Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Дэлхий нийтээр..2026/06/03

Трамп хиймэл оюуны шинэ загваруудыг олон нийтэд нэвтрүүлэхээс өмнө З...

Дэлхий нийтээр..2026/06/03

АНУ-д ажлын байрны зар нэмэгдсэн ч ажилд авах идэвх сулрав

Дэлхий нийтээр..2026/06/03

ДЭМБ: Эбола өвчнөөс эдгэрсэн тохиолдлууд найдвар төрүүлж байна

Үйл явдал2026/06/03

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Дэлхий нийтээр..2026/06/03

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн...

Хэн юу хэлэв...2026/06/03

Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж а...

Үйл явдал2026/06/03

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Үйл явдал2026/06/03

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн ос...

Үйл явдал2026/06/03

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж...

Санал болгох