Хэн юу хэлэв...
Г.Очбаяр: Нийслэл хүрээнээс өнөөг хүртэл хадгалсан 24 дурсгал бий
НЗДТГ, Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн танхимд өнөөдөр нээж, “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг олны хүртээл болгож байна. “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнгийн талаар Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцлаа.
-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог болоод сонирхолтой баримтуудын талаар танилцуулна уу?
-Одоогоос 110 жилийн өмнө буюу 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хаан зарлиг буулгаж, Улаанбаатар хотын үндэс суурь болсон Нийслэл хүрээг Монгол Улсын нийслэл хот хэмээн зарлан тунхагласан байдаг. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдал хуульчлагдсан баталгаажсаны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. Энэхүү үзэсгэлэн хэд хэдэн хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт, Автай сайн ханы үеэс 1911 он хүртэлх буюу Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээх хүртэлх үеийн түүхийг харуулсан. Энэ хэсэгт Өндөр гэгээн Занабазарын намтар түүх болоод хүрээний нүүдэл, Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй холбоотой баримтууд багтаж байгаа. Хоёрдугаар хэсэгт 1911-1921 он хүртэлх үе буюу Тусгаар тогтнолоо сэргээснээс Ардын хувьсгал ялах хүртэлх үеийн түүх багтсан. Тухайлбал, 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдэж, Монгол Улсын нийслэлээр тогтоосон зарлиг, тухайн үеийн эд өлөг, угсаатны зүйн холбогдолтой баримтууд тавигдсан. 1921-1924 онд холбогдох баримтууд дараагийн хэсэгт бий. Эндээс 1924 онд Хотын захиргааг байгуулсан, Ардын хувьсгалын үед хувьсгалчид тангараг өргөсөн зэрэг онцлог үйл явдлын архивын баримтуудыг үзэж болно. 1924 оны арваннэгдүгээр 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар Нийслэл хүрээг Улаанбаатар хот гэж нэрлэсэн баримт ч бий.
Түүнчлэн Нийслэл хүрээ гэх хуучин хотоос Улаанбаатар хотод түүх соёлын ямар ямар дурсгалууд хадгалагдан үлдсэнийг энэхүү үзэсгэлэнгээс харж болно. Тухайлбал, долоон сүм хийд, 14 барилга, гурван хөшөө, нийт 24 үл хөдлөх дурсгалт хөрөнгө өвлөгдөн үлдсэн байдаг.

-Онцлох үзмэрээс нэрлэвэл сонин байх болов уу?
-Онцлох үзмэрт Нийслэл хүрээний газрын зургийг нэрлэмээр байна. Энэ газрын зургийг 1913 онд Бүгд ерөнхийлөн захирах яамнаас хийлгэж, дөрвөн яаманд тарааж өгсөн байдаг. Тэрхүү газрын зургийг бүтээлгэсний учир нь тухайн үед Нийслэл хүрээнд гадаадын хөрөнгө оруулалттай болон гадаад эзэнтэй пүүс, худалдаачид олон байсан. Тэдгээрт 1910-аад оноос газар олгосон байсныг баталгаажуулж цэгцлэх гэж бүтээсэн гэдэг. Энэхүү зургаас харахад одоогийн Занабазарын музейгээс Урт цагаан, Бөмбөгөр хүртэлх гудамжийг Хүрээний их зээл буюу худалдааны гудамж гэж нэрлэж байсан. Энэ гудамжинд байгаа пүүс, худалдааны газруудын зураглалыг гаргаж тэмдэглэн үлдээсэн. Тухайлбал, Занабазарын музейн барилга 1913-1914 онд баригдсан бөгөөд Орос толгойн пүүс гэдэг нэртэй байсан байна. Энэ мэтчилэн газруудын нэршил, хэмжээг нарийвчлан зургийг гаргасан.

Хүрээний зурагт Зүүн, Баруун хүрээг онцлон тэмдэглэсэн. Энэ бол тухайн үеийн хотын төв гэсэн үг. Баруун хүрээ нь Гандантэгчинлэн хийд юм. Хятадын Баруун дамнуурчин буюу хятадын есөн гудамжийг дүрслэн гаргасан байна. Энэ гудамж нь Гэсэр сүмээс Тэнгис кино театр хүртэлх зайг эзэлсэн өргөн гудамж байсан нь зургаас харагдана. Монголчууд, хятадууд, гадаадын гол худалдааны пүүсүүдийг нарийн тэмдэглэн гаргасан түүхэн баримт юм.

-Үзэсгэлэнд дэлгэсэн газрын зураг эх хувь нь уу?
-Энэ бол хуулбар нь, Үндэсний номын санд байдаг, олон түмэнд үзүүлж таниулах зорилго бүхий хуулбар. Эх хувь нь монгол бичгээр бичигдсэн байдаг. Энд дэлгэсэн хувьд газрын нэрийг хүмүүст ойлгомжтой байлгах үүднээс кирилл үсгээр хөрвүүлж тэмдэглэсэн онцлогтой.
-Нийслэл хүрээнээс үлдсэн барилга байшингаас хэд нь хадгалагдаж байгаа бол?
-Нийслэл хүрээнээс нийт 24 үл хөдлөх дурсгал хадгалагдаж үлдсэн гэдгийг дээр дурдсан. Тэдгээрийн долоо нь сүм хийд. Тодруулбал, Богд хааны ордон музей, Гэсэр сүм, Маймаа хотын Дарь эхийн сүм, Чойжинламын сүм музей, Зүүн хүрээ 30 аймгийн дуганаас үлдсэн гурван дуган, Дамбадаржаа хийд хадгалагдан үлдсэн. Дамбадаржаалин хийд бол Улаанбаатар хотын хамгийн эртний архитектор дурсгал. Үүнээс гадна байшин барилгуудаас Занабазарын музейн барилга, Сөүлийн гудамжинд байдаг Чин ван Ханддоржийн барилга, Гоожингийн өндөр буюу Ерөнхий сайд Намнансүрэнгийн барилга, Улаанбаатар музей байрлаж буй Цогт Бадамжавын барилга, Бөхийн өргөөний хойд талын Холбооны анхны барилга, Зүүн хүрээний Консулын дэнжийн нууц бүлгэмийн байшин /Жуковын музейн чанх урд байдаг/ гэх мэт байшин барилгууд бий.
Мөн гурван арслангийн хөшөө байгаа. Арслантай гүүрэн дээрх хоёр арслан, МУИС-ийн нэгдүгээр байрны гадаах, Байгалийн түүхийн музейн өмнө байсан одоо Богд хааны ордон музейд аваачсан хоёр арслангийн хөшөөнүүд өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн.

-Үзэсгэлэн хэзээ хүртэл гарах вэ. Иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа юу?
-Тийм ээ, музейг үнэ төлбөргүйгээр олон нийтэд дэлгэж байгаа. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад хоёрдугаар сарын 23-ныг дуустал ирж үзэх боломжтой. Өнөөдрөөс эхлэн 08:30-17:00 цагт үйлчлүүлээрэй гэж урьж байна.


НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2021/10/25
БШУЯ: Баян-Өлгий аймгийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав
-
Үйл явдал2024/10/09
Нийслэлийн 14-р сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авлаа
-
Дэлхий нийтээр..2022/09/14
Хөдөө аж ахуйг хамгаалах замаар хүнсний тогтолцоог өөрчлөх хүрээнд хэрэгжүүлсэн ...
-
Тод зураг2019/12/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
