Тод мэдээ
Нийслэлийн 2022 оны төсөвт хийсэн дүн шинжилгээг танилцуулах уулзалт боллоо

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэл хотын төсвийн ерөнхий төлөв байдлын судалгааг хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн 2022 оны батлагдсан төсөвт хийсэн дэлгэрэнгүй дүн шинжилгээний урьдчилсан үр дүнг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.
Тус судалгааг үндэсний судалгааны “Эм Эм Си Жи ХХК” гүйцэтгэсэн бөгөөд “Нийслэлийн 2022 оны батлагдсан төсөвт хийсэн дүн шинжилгээ”, “Нийслэлийн төсвийн орлого бүрдэлтэд хийсэн шинжилгээ”-ний үр дүнг танилцуулсан юм. Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Юн Сок Хён, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг, Дэлхийн банк, НЗДТГ болон албаныхан оролцож санал солилцлоо.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Тод мэдээ
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг Тусгай замын автобус (BRT) төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн ажлын даалгаврыг боловсруулж байна.
Мөн төслийн талаар мэдээлэл өгөх, зөвлөлдөх уулзалтыг үе шаттай зохион байгууллаа. Тусгай замын автобус (BRT) төслийг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө–Цэцэрлэгт хүрээлэн чиглэлд нийт 12.7 км, 17 зогсоолтой барихаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд автобус явах тусгай зурвас байгуулахаас гадна дагалдах дэд бүтцийн иж бүрэн шинэчлэлүүдийг хийх юм. Тухайлбал, шугамын дагуу нийт 12.79 км урт шинэ дугуйн зам шинээр барьж, 0.94 км дугуйн замыг сайжруулахын зэрэгцээ, 11.09 км урт явган хүний замыг шинэчлэн тохижуулах бол зам дагуух 83,000 метр квадрат талбайд ногоон байгууламж бий болгох тохижилтын ажлуудыг хийнэ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй уг төслийн ТЭЗҮ-д нөхцөл байдлын шинжилгээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн төсөөлөл, инженерийн судалгааны тайлан, суурь судалгаа дагалдах судалгаа, төсөлд шаардлагатай бараа, материалын судалгаа зэрэг иж бүрэн мэдээллийг тусгаж ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 10-20 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан.
Тусгай замын автобус (BRT) төсөлд хүн төвтэй шийдлүүдийг тусгаснаараа онцлог бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэдэг. Жишээлбэл, автобусны шал болон зогсоолын тавцангийн өндөр ижил түвшинд хийгдэж, зорчигч сууж, буухад хүндрэл үүсгэхгүй юм.
Тод мэдээ
ХЗДХЯ: Албан тушаалтанд хариуцлага тооцлоо
Монгол Улсын хилийн зурваст буюу Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг дэвсгэрт 2025 оны долоодугаар сарын 25-ны өдөр хууль зөрчин Монгол болон гадаад улсын иргэд хадлан хадах үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан мэдээллийг нягтлах зорилгоор албаны шалгалтыг шуурхай зохион байгуулахыг Хил Хамгаалах Ерөнхий газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаас үүрэг болгосон.
Шалгалтаар баримт бичгийн шаардлага хангаагүй, бүрдэл дутуу материалыг үндэслэн аж ахуйн нэгжид хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тул зөвшөөрлийг хүчингүй болгож, хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдийг хилийн зурвасаас албадан гаргуулах арга хэмжээг авч, хилийн бүсийг чөлөөллөө.
Мөн хариуцлага алдсан Хил Хамгаалах Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөв.
Цаашид албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал олгох, авлига, хээл хахууль болон ёс зүйн зөрчил гаргасан, иргэдэд тэгш бус үйлчилсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох чиглэлийг ХХЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүнд өгч, үүрэг болгов гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар эдгээр өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажиллаж, тус хотын дарга Ин Юнтай уулзлаа. Хотын дарга Х.Нямбаатар найрамдалт харилцаатай хотуудад ажиллах уулзалтуудаа Бээжингээс эхлүүлж буй бөгөөд энэ удаагийн уулзалтаар эдийн засаг, гадаад худалдаа, шинжлэх ухаан, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам, гүүр, нүхэн гарц, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгааг дурдан талархал илэрхийлэв.
Бээжин хотын дарга Ин Юн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, тус хотод хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр “Бээжинд орсон аадрын улмаас зарим гүүрийг түр хугацаанд хаасан. Өнгөрсөн хоёр хоног холбогдох албаныхан амралтгүй ажиллалаа. Бээжингийн автомашины тоо 7 сая давсан, бид одоо ч түгжрэлээ бүрэн шийдэж чадаагүй байгаа. Оргил цагуудаар түгжрэл их байдаг. Түүнчлэн автомашинаас гарч байгаа бохирдол Бээжингийн агаарын бохирдлын 50 хувийг бүрдүүлж байна. Тиймээс нийтийн тээврийн төлөвлөлтөө шинэчлэх, цаашлаад түгжрэлийг бууруулах хүрээнд замын байгууламжийг нэмэгдүүлэх, камерын хяналтын төвийг сайжруулах, зам тээвэрт АI технологийг хөгжүүлж эхэлж байна. Мөн Бээжин хотын дагуул хотуудыг байгуулж байгаа бөгөөд 30 мянган төрийн албан хаагчийг дагуул хотууд руу шилжүүлсэн. Өдгөө шинэ бүс байгуулж, төрийн өмчит компаниудаа тэнд төвлөрүүлэхээр ажиллаж байна. Авто замын түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл нь дагуул хотыг байгуулах юм. Манай хот 2014 оноос дагуул хотуудаа байгуулж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил᠌” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор МУ-ын нийслэл Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төслүүдэд авто замын түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтэц болоод нийгэм, эдийн засгийн хөгжил руу чиглэсэн бүтээн байгуулалтын томоохон ажлууд багтсан. Тухайлбал, “2О минутыг хот” концепцийн хүрээнд Сэлбэ хотыг байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн 4000 гаруй айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн авто замын түгжрэлийг бууруулахаар метро, трамвай, BRT, хоёрдугаар түвшний авто замуудын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Улаанбаатар болон Бээжин хот нь 2014 онд ах, дүүгийн харилцаа тогтоож байсан бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Тодруулбал, үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарах нь чухал байгааг талууд онцоллоо. Бээжин хот дарга Ин Юн тус чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Саналын хүрээнд Бээжин хотын усны инженер, мэргэжилтнүүд Улаанбаатарт очиж ус зайлуулах хоолой, шугам сүлжээ, үерийн далан зэрэг бүтээн байгуулалтын судалгааг хийнэ.
Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар Улаанбаатар хотын худалдааны төлөөлөгчийн газрыг Бээжин хотод байгуулахад талууд санал нэгдэв. Цаашлаад хамтын ажиллагаагаа бүхий л түвшинд эрчимжүүлэхээ Бээжин хотын дарга Ин Юн илэрхийллээ.
-
Тод мэдээ2024/05/03
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэ...
-
Өнөөдөр2020/09/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2024/11/15
“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай&rdq...
-
Тод мэдээ2023/04/14
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд 1000 гаруй тамирчи...