Тод мэдээ
Нэр бүхий 35 хувьцаат компани ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ
Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчлагдсан.
Хуульд заасан хугацаа дуусгавар болсон буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 88 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэрийг ирүүлснээс нэр бүхий 35 хувьцаат компани 150.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 135,631 хувьцаа эзэмшигчдэд хуваарилах мэдэгдлээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, олон нийтэд мэдээлсэн байна.
2019 онд 112.1 тэрбум, 2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус хуваарилахаар шийдвэрлэсэн бол 2022 онд 150.8 тэрбум төгрөг болон өссөн байна.
Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 97.5 хувиар өсөж 5.9 их наяд төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 3.3 нэгжээр өсөж 5.1 хувьд, харин хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 3.8 хувьд, ТОП-20 индекс өмнөх оноос 25,125.80 нэгжээр буюу 130.3 хувиар өсөж 44,411.60 нэгжид хүрснээр сүүлийн 30 жилийн түүхэндээ хамгийн дээд түвшинд хүрсэн.
Үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 28 дугаар “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг хувьцаат компаниудад үүрэг болгосон гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Тод мэдээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Сэтгэгдэл