Тод мэдээ
“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг "Шинэ сэргэлт" уриан дор зохион байгуулна

Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” дөрөвдүгээр сарын 7-8-нд болно. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
"Шинэ сэргэлтийн бодлого" нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
“Монголын эдийн засгийн форум” чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцаж дотоод, гадаадын төлөөллийн нээлттэй оролцоотойгоор нэгдсэн ойлголтод хүрэх хэлэлцүүлгийг өрнүүлдэг уламжлалтай.
Чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт тус бүрээр дараах хуваарийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгүүд зохион байгуулна. Үүнд:
1. Эрчим хүчний сэргэлт 2022.03.21
2. Боомтын сэргэлт 2022.03.22
3. Аж үйлдвэржилтийн сэргэлт 2022.03.24
4. Хот, хөдөөгийн сэргэлт 2022.03.25
5. Ногоон хөгжлийн сэргэлт 2022.03.28
6. Төрийн бүтээмжийн сэргэлт 2022.03.29
Дээрх урьдчилсан хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан салбарын яамд зохион байгуулна. Эндээс гарсан санал, зөвлөмжийг дөрөвдүгээр сарын 7-8-ны өдөр зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр мөн хэлэлцэх юм.
Тод мэдээ
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Энэ өдрүүдэд Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон, ард иргэдэд Тулгар төр байгуулагдсаны 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.
Тэр бээр, орон нутаг болон улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, иргэдийн хөдөлмөр зүтгэл, бүтээлч үйлс, гавьяаг үнэлэн Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ерөнхийлөгч, Увс аймгаар овоглосон хүн бүр орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн зүтгэж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж явахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.
1925 онд Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийг нэгтгэн “Дөрвөд далай хан аймаг” нэрийг халж ”Чандмань уулын аймаг” нэртэйгээр одоогийн Увс аймгийг 41 сум, 115 багтай байгуулсан түүхтэй.
Өдгөө Увс аймаг 86 мянган хүн амтай, 19 сум, 3 сая толгой малтай, сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, зам, тээвэр, аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл бүхий аймаг болон хөгжиж байна.
Увсын хөдөлмөр иргэд Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адуу зэрэг өндөр үржил шимтэй малын үүлдэр угсаа бий болгож, жамц давс, чацаргана жимс зэрэг брэнд бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд тогтвортой нийлүүлэн, орон нутаг, улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж иржээ.
Нэгэн зууны хугацаанд Увс аймгаас нам, төрийг 44 жил тасралтгүй удирдаж, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн XX зууны түүхийг манлайлан бүтээлцсэн, БНМАУ-ын төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Маршал, Улсын болон Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбал, ардчилсан хувьсгал тайван замаар үргэлжлэх түүхэн боломжийг нээж, хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлоох үндсийг тавьсан БНМАУ-ын төрийн тэргүүн буюу АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Жамбын Батмөнх тэргүүтэй төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, Бэгзийн Гиваан, Түйвээний Дүүдэй нарын Улсын баатрууд, хурандаа генерал Бугын Дэжид зэрэг 16 генерал, 30 гаруй Хөдөлмөрийн баатар, 20 гаруй Төрийн шагналтан, 11 академич, 10 гаруй Ардын жүжигчин, 600 гаруй эрдэмтэн, 300 гаруй гавьяат цолтон төрөн гарчээ.
Мөн Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, XX зууны манлай монгол бөх, Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Олимп болон дэлхийн аваргын гурван удаагийн мөнгөн медальт, доктор, профессор Хорлоогийн Баянмөнх, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Одвогийн Балжинням тэргүүтэй үндэсний бөхийн аварга, олимпийн медальтан, спортын алдартан олноор төрөн гарсан хүчтэнүүдийн өлгий нутаг билээ.
Тод мэдээ
Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа
Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг нь тодотгож, шинэ Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сахин мөрдөх зорилгоор “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын 43 дугаар тогтоолыг өнгөрсөн онд баталсан билээ. Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Улсын Их хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны танхимд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг залах ёслолд оролцов.
Энэхүү тогтоолоор Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санааг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх зорилгоор Үндсэн хуулиа төрийн бүх байгууллага дээдлэн залахыг даалгаж, иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр дээдлэн залахыг уриалсан юм.
Түүнчлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг сургалтын агуулгад тусган, хүүхэд залуучуудад тайлбарлан таниулахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгосон. Энэ хүрээнд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны танхимд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хүндэтгэлтэйгээр заллаа.
Тэрбээр, Үндсэн хуулиа дээдлэн залах нь зөвхөн ёслол хүндэтгэлийн агуулгаар хязгаарлагдахгүй гэдгийг дурдаад Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг иргэн бүр ойлгон, дээдлэн биелүүлж, төрийн байгууллага, албан тушаалтан нь хэлбэрэлтгүй сахин мөрдөхөд мөн чанар нь оршино гэдгийг тодотголоо. Үргэлжлүүлэн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Үндсэн хууль залах ёслол нь Увс аймгийн түүхт 100 жилийн ойтой давхцаж буйг онцлоод, шинэ Үндсэн хуулийг бүтээлцэхэд нөр их хувь нэмэр оруулсан нутгийн эрхмүүдийг алдаршуулан дурсав.
Түүнчлэн 126 гишүүнтэй, шинэ парламент хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх стратегийнхээ хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, парламентын ил тод байдал, олон талт түншлэлийг сайжруулахаар тодорхойлсныг тэмдэглэлээ. Иймд Үндсэн хуулийн гол үзэл санааг бодитоор хэрэгжүүлж, хүний эрхийг хамгаалж, улам бүр бататган бэхжүүлэх нь энэ удаагийн Улсын Их Хурлын эрхэм зорилт гэдгийг тодотгов.
Ингээд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Баттулгад “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолыг, Үндсэн хууль судлалын холбогдох бүтээлүүдийн дээжистэй гардууллаа. Үндсэн хуулийг залах ёслолд Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Э.Болормаа, О.Заяабал, М.Мандхай, Д.Батбаяр нар оролцсон юм. Цаашид тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд бусад аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны танхимд мөн адил Үндсэн хуулийг дээдлэн залах аж.
Увс аймагт ажиллаж буй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар БНМАУ-ын Ардын жүжигчин, Ардын Их Хурлын депутат Гомбын Түмэндэмбэрэл агсны хөшөөний нээлтэд оролцлоо.
Улаангом хотын Ойрад театрын өмнөх талбайд сүндэрлэн боссон 3.5 метр өндөр уг хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урлаж, ард түмний сэтгэлд мөнхөрсөн дүр төрхөөр буюу тайзан дээр дуулж байгаагаар зохиомжилжээ.
Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд болон нутгийн алдартнуудын хамт төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэв.
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Шадар сайд Усмонали Усмонзодагийн хамт Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
Рогуны усан цахилгаан станц нь Тажикистаны нийслэл Душанбе хотын зүүн урд байрлах Вахш мөрний дээд урсгалд баригдаж буй бөгөөд дэлхийн хамгийн өндөр буюу 335 метрийн өндөр далантай.
Тус станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор жилд 17 тэрбум киловатт.цаг (кВт.ц) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй бүс нутгийн бусад улсад эрчим хүч экспортлох чадавхтай болно гэдгээрээ онцлогтой юм.
Уг станцын анхны турбин 2018 онд, хоёр дахь нь 2021 онд ашиглалтад орсон бөгөөд 2029 он гэхэд бүх зургаан турбин бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр нийт 3600 МВт-ын хүчин чадалтай болох бөгөөд Төв Азийн хамгийн том усан цахилгаан станц болно гэж тооцож байна.
Рогуны усан цахилгаан станц нь Тажикистан Улсын томоохон бүтээн байгуулалт төдийгүй бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад онцгой ач холбогдол бүхий стратегийн мега төсөл хэмээн үнэлэгдэж байгаа юм.
-
Тод мэдээ2023/12/15
Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлш нийлүүлн...
-
Тод индэр2022/09/09
С.Амарсайхан: Хөшигийн хөндийд барих "Шинэ хот”-ын бүтээн байгуулалта...
-
Тод мэдээ2024/02/22
Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос Улс хариуцсан захирлыг хүлээн авч уу...
-
Тод мэдээ2021/06/29
С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов