Дэлхий нийтээр..
Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохгүйгээр хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжгүй
Амгалан дулааны станцыг өргөтгөл барих төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр,
Эрхэм монголчууд аа,
Энд хуран цугласан зочид төлөөлөгчид өө,
Та бид хамтдаа цар тахлын хүндрэлтэй, амаргүй цаг үеийг даван туулж байна. Гэвч өнөөдрийг өнгөрсөн жилийн өмнөх үетэй харьцуулбал олон зүйл өөрчлөгджээ.
Вакцинжуулалт эхлээгүй байх үеийн хатуу хөл хориотой өдрүүд, үсчин, гоо сайхан, барааны захууд, ресторан зоогийн газар, фитнесс клубээс эхлээд хичээл сургууль, олон нийтийн бүхий л арга хэмжээ хязгаарлагдаж, Улсын Их Хурлын чуулганаас эхлээд бүхий л байгууллага цахимаар ажиллаж, Цагаан сар, Үндэсний баяр наадмаа ч зохион байгуулах боломжгүй байсан хүнд өдрүүд ердөө л жилийн өмнө байлаа.
Саяхан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай манай оронд зочилж, Монгол Улсын “Ковид-19” цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн цогц арга хэмжээ олон улсад загвар болж дэлхийн улс орнуудад ашиглагдсан. Тэр дунд эрүүл мэндийн салбараар тэргүүлэгч Япон улс ч багтсаныг онцолсон.
Бид хамтдаа хичээвэл үр дүнд хүрч чаддагийн бодит нэг илэрхийлэл бол энэ юм.
Цар тахлын хүндрэлтэй зэрэгцэж, манай хөрш орны нэг ОХУ болон Украйны дунд үүссэн дайн, манай бүс нутагт төдийгүй дэлхий дахины геополитикийн хандлагыг огцом өөрчилж, өдрөөс өдөрт гүнзгийрч байна.
Энэ бол Үндэсний эв нэгдэл, харилцан ойлголцол, зөвшилцил, хөрвөх чадвар, эх оронч байдлыг та биднээс шаардсан түүхэн сорилт гэдгийг онцлохыг хүсэж байна.
Тийм ч учраас бид алсыг харж, эдийн засгийн бие даасан байдлаа ханган бэхжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогоо цаг алдалгүй хэрэгжүүлэх нь монголчууд бидний улсынхаа Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө оруулж буй бодит хувь нэмэр юм.
Өнгөрсөн жил цар тахалтай тэмцсэн хүндхэн цаг үе байсан ч Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан томоохон төслүүдийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл, санхүүжилтийн график, орон нутгийн оролцоо, газар олголт зэрэг хугацаа их шаарддаг техникийн асуудалд Засгийн газар бүхэлдээ төвлөрч, салбар дундын уялдаагаа хангах томоохон боломжийг авчирсан.
Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан 47 орчим багц төслийн 70 хувь нь эдгээр асуудлуудыг бүрэн шийдвэрлэж дууссан сайхан мэдээг улсын Ерөнхий сайдын хувьд дуулгахад таатай байна.
Өнөөдөр Та бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Амгалангийн дулааны станцын 116 мегаваттын өргөтгөлийн төслийн нээлтийн түүхэн гэрчүүд болж байна.
Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг сэргээж, эрчим хүчний тусгаар тогтнол, бие даасан байдлыг бий болгож чадахгүй бол хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих ямар ч боломжгүй.
Харамсалтай нь манай улс 1986 онд Дулааны IV цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадалгүй ирсэн юм.
Бид эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан.
Гэтэл жил бүр Улаанбаатар хотын хүн ам нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц хэмжээгээр нэмэгдэж, нэмэлт эх үүсвэрүүдийг шаардаж байна.
Хөгжлийн банкны эргэн төлөлт сайжирч байгаа нь Монгол Улс олон улсад тавьсан өрөө хугацаандаа төлөх, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдээ цаг алдалгүй урагшлуулах боломж гарч байна.
Хөгжлийн банкинд барьж буй Засгийн газрын бодлого хатуу мэт санагдаж байж болох ч бид хариуцлагатай нийгмийг бүрдүүлэхийн тулд зарим зүйлд давс мэт шорвог хандаж сурах шаардлагатай нь ойлгомжтой билээ.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн төслийн санхүүжилтийн 85 хувийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэлээ.
Өнөөдөр эхлүүлж буй Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн төсөл хэрэгжсэнээр цагт 116 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, нийслэл Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг дулааны найдвартай эх үүсвэрээр хангаж, улмаар нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүд хэрэгжих суурь нөхцөлийг бий болгож чадна.
Мөн борлуулалтын орлого одоогоос хоёр дахин буюу 49 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт 78 тэрбум төгрөг болно.
Амгалангийн дулааны станцын өргөтгөл хийгдсэнээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллыг хуваалцаж, тус станцын хоёрдугаар үе шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, 90 мегаваттын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, 220 мегавттын Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллана аа.
Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой хүчин чадлыг нь 75 мегаваттаар өргөтгөж, 250 мегаваттаар шинэчлэх III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн 450 мегаваттын дулааны цахилгаан станц, Багануурын 400 мегаваттын Цахилгаан станц, 50 мегавттатаар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн Дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлж, ашиглалтад оруулах зорилтын эхний томоохон төсөл нь Амгалангийн 116 мегаваттын дулааны станц болж байна.
Амгалан дулаан станцын өргөтгөлийн ажлыг төлөвлөсөн хугацаандаа буюу 16 сарын дотор ашиглалтад оруулах нээлтийн өдөр баяртайгаар эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.
Та бүхэнд ажлын амжилт хүсье.
“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж Монгол Улсын хөгжлийн эрчим хүч болох болтугай гэлээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
